-Чөлөөт бөхөөр хэзээнээс барилдаж эхлэв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Намайг тамирчин болоход аавын маань улсын заан Д.Бумбаяр их нөлөөлсөн гэж боддог. Ахынхаа барилдааныг байнга үзэж, ахтайгаа адилхан мундаг бөх болно доо гэж мөрөөдөж явсан нь хожим тамирчин болгосон. Манайх гэр бүлээрээ 1997 оны зун хотод нүүж ирсэн. Тэгээд 1998 оноос “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр эгч минь намайг авчирч Алтангэрэл багшийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийснээр тамирчин болох гараагаа эхлүүлсэн юм. Гэвч клубын хүүхдүүд тараад 1999 онд Б.Баттулга багшийнхаа удирдлага дор “Арслан” клубт чөлөөт бөхөөр хичээллэх болсон.
-Спортод орсноос хойш анхны медалиа ямар тэмцээнээс авч байв?
-“Ирээдүй” цогцолборын нэрэмжит үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм байна. Энэ бол миний хувьд анхны хамгийн том амжилт. Мөн чөлөөтөөр анх удаа тэмцээнд оролцож улсын аварга болж байлаа.
-Таны хувьд Баттулга багшийн удирдлагад хичээллэж байгаад Америк явсан. Тэнд хэчнээн жил болоод ирж байна вэ?
-Чука, Наба ах, Ням-Очир, Мөнхбаатар, Анхбаяр гээд шилдэг бөх манай клубээс олон төрсөн. Миний хувьд 2004 онд АНУ-ын 12 жилийн сургалттай сургуульд суралцах урилга авсан. Тэгээд хоёр ахлах сургуульд суралцаж, хажуугаар нь бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Бэлтгэл сургуулилтаа орхиогүйн ачаар ахлах сургуулийн аварга болсон. Сургууль төгсөөд тэндээ тэтгэлэг аваад математик, бизнесийн чиглэлээр суралцаж төгсөөд одоо төрөлх эх орондоо ажиллаж байна даа. Сурах хугацаанд Америкийн оюутны лигт амжилтай барилдаж сүүлийн гурван жил аваргын түрүүг нь авсан.
-Америкт барилдахад Монголоос юугаараа ялгаатай юм бол?
-Бөхийн стиль арай өөр. Ахлах сургууль болон коллежид дүрэм нь ялгаатай зүйл бий. Чөлөөт бөхөөр хөлд нь ороод, ард нь гарахад нэг оноо авдаг. Харин америк стилиэр энэ тохиолдолд хоёр оноо авна. Мөн гар холбож болохгүй. Гэхдээ доор нь байгаа бөх тэр байдлаасаа зугатаж гарах ёстой. Анх очиход энэ бол маш том ялгаа байсан. Нэг мундаг бөхийн доор орчихвол гарах гэж маш их хүч зарна. Хэр баргийн гарч чадахгүй шүү дээ. Дасахад үнэхээр хэцүү. Маш хурдан ядарч байгаа юм чинь. Ямар ч байсан олон жил уйгагүй хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд арга барилд нь дассан л даа. Шүүгч барилдааныг зогсоохгүй учраас ямар ч завсарлага байхгүй. Ер нь бол америк стильд амралтгүйгээр долоон минут барилддаг. Энэ бол чөлөөтөөс ялгарах хамгийн том ялгаа нь юм.
-Малгайтай барилдаж байсан л даа. Үүнд бас учир байна уу?
-Хүүхдүүдийн чихийг хугалж, гэмтээхгүй гэсэндээ чихэвч өмсүүлдэг байгаа. Нэг ёсондоо чихний хамгаалалт зүүх дүрэмтэй. Заавал өмсөх ёстой.
-Бэлтгэл сургуулилтын ялгааны талаар сонирхуулбал?
-Америк дасгалжуулагч бүр өөрсдийн гэсэн арга барилтай. Гэхдээ бүгдэд нь адилхан ерөнхий нэг онцлог байдаг. Тэр нь хүний ажиллах чадварыг онцгой анхаарч үзнэ. Түүгээрээ тамирчдаа маш их шахдаг. Төмөр их өргөнө. Бэлтгэл сургуулилт хийх орчин, нөхцөл нь арай өөр л дөө. Америкт бөхийн улирал таван сарын турш үргэлжилдэг. Энэ хооронд долоо хоногт 2-3 барилдаан хийдэг.
-АНУ-ын оны шилдэг бөх болсон шүү дээ. Тэр үеэ эргээд дурсаач?
-Маш их баяртай байсан. Оны шилдэг тамирчин болохоос өмнө оюутны лигт гурав дахь удаагаа түрүүлэхдээ Америкийн түүхэнд 11, сургуулиасаа анх удаа гурван жил дараалан аваргалсан амжилт гаргасан. Энэ нь миний хувьд хамгийн баярлууштай үйл явдал юм. Бөхийн сезон дууссаны дараа намайг оны шилдэг бөх болсныг зарлахад үнэхээр их баярласан. Яагаад гэвэл ийм амжил гаргаж, сургуулийнхаа түүхэнд бичигдэхийн тулд маш олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж, уйгагүй хичээллэсэн. Үүний үр дүнг үзнэ гэдэг яалт ч үгүй том баяр юм.
-Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгав. Шагналаа гардаж байхад юу бодож байсан бэ?
-Шагналаа авахаас өмнө АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний шилдэг бөхөөр шалгарсан. 10 жинд түрүүлсэн бөхчүүдээс намайг онцолж шилдгийн шилдгээр шалгаруулна гэдэг миний хувьд том бахархал. Үнэхээр их сэтгэл хөдөлдөг юм билээ. Дуу ч нэг их гараагүй. Тэгээд түүнээс хойш гурван долоо хоногийн дараа оны шилдэг бөхийг зарлахад дасгалжуулагч надад хамгийн түрүүнд дуулгасан. Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд аав, ээждээ хэлж байлаа.
-Сургууль төгсөөд ирснээс хойш оролцсон анхны тэмцээн нь Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн байв уу?
-Тийм ээ. Миний хувьд өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн. Сургуулиа төгсөхөөс өмнө Нью-Йоркт “Firebird” нэртэй Америкийн хөрөнгө оруулагч компанид шалгаруулалтад оролцож тэнцээд ажиллахаар болсон. Тэгээд тус компанийнхаа Монгол дахь салбарт ажиллаж байгаа юм. Энэ байгууллагад ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Сургууль төгсөөд ирэхдээ барилдах төлөвлөгөө огт байгаагүй. Ажлаа хийгээд л явах бодолтой байсан. Гэтэл наадам өнгөрөөгөөд Б.Баттулга багш Тайваниас бүрмөсөн нутагтаа ирснээр дахин барилдахаар сэтгэл шулуудсан юм. Бид хоорондоо нэлээд сайн ярилцсаны эцэст ийм шийдвэр гаргасан. Надад боломж байгаа юм шиг санагдсан. Тэгээд наймдугаар сараас эхлэн бэлтгэлдээ эрчимтэй орж, сая түрүүллээ. Намайг энэ спортоороо хичээллэж амжилтад хүрэх зорилгоо биелүүлэхэд миний ажиллаж байгаа “Firebird” компани ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Аливаа спорт ивээн тэтгэгчгүйгээр амжилт гаргахгүй шүү дээ. Туркийн Станбулд болсон ДАШТ-д л гэхэд миний бүх зардлыг даагаад туршлага судлуулахаар явуулсан. Ингэж дэмжлэг үзүүлэх ивээн тэтгэгч одоо ховор л доо. Тиймээс намайг ивээн тэтгэж байгаа байгууллагынхаа, надад итгэсэн багшийнхаа итгэлийг алдахгүйн төлөө цаашид хичээх болно.
-Сая болж өнгөрсөн тэмцээнд өөрийг тань ажиглаж байхад нэлээд бяртай, бас хурдтай байгаа харагдсан. Бэлтгэлийн онцлог уу?
-Миний жинд өөрчлөлт орсонтой холбоотой. Оюутны лигт барилдаж байсан эхний гурван жилдээ 64 кг-ын жинд барилдаж байсан. Гэтэл дөрөвдүгээр дамжаанд жингийн өөрчлөлт гарч 68 кг-д барилдах болсон. Бяртай, чадалтай хүмүүстэй барилдахын тулд илүү их хөдөлмөрлөх шаардлага гарсан. Магадгүй энэ нь нөлөөлсөн болов уу гэж боддог. Ер нь шаргуу бэлтгэл сургуулилт хийж байж амжилтад хүрдэг. Дээрээс нь гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсний дүнд өөрчлөлт орж байгааг багш, бид хоёр анзаарсан.
-Ирэх жил олимпийн эрх олгох гурван тэмцээн бий. Монголын шигшээ багийнхан үүнд оролцохын тулд эхлээд сорилыг давах ёстой. Өөрөө нэгэнт дахин барилдаанд эхэлсэн юм чинь олимпод оролцох юмсан гэсэн бодол бий юү?
-Энэ зунаас хойш багштайгаа ярилцаад чөлөөт бөхөөр дахин хичээллэх болсон гол шалтгаан нь олимпийн наадам юм. Энэ том тэмцээнд оролцож Монголынхоо нэрийг гаргах нь миний гол зорилго болсон. Тийм болохоор ирэх жилийн олимпийн эрх олгох гурван тэмцээний аль нэгэнд өрсөлдөх бодол бий. Аливаа юмыг алгасч харж болохгүй. Эхлээд нэгдүгээр сард болох “Mongolian open”-д барилдана. Түүний дараа Азийн аварга байгаа. Саяын тэмцээний дараа чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном надад Азийн аваргад барилдах санал тавьсан.
-Ажлын хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг том асуудал шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Тийм ээ. Би 9-18 цагийн хооронд ажиллах хуваарьтай. Өглөө ажилдаа явахаас өмнө эрт босоод хүчний бэлтгэл хийнэ. Орой ажил тарсны дараа бас бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Энэ бүхэнд аль болох зохицуулалт хийгээд явж байгаа. Гэхдээ “Firebird” компани надад энэ тал дээр том дэмжлэг үзүүлдэг. Юугаар вэ гэвэл ажлын цагаар. Ажил тарахаас нэг цагийн өмнө намайг бэлтгэлдээ явах зөвшөөрөл олгосон. Мэдээж надад энэ нь маш том дэмжлэг болж байна. Тэр бүр сайн компани олдоод байхгүй учраас өөрийгөө азтайд тооцдог. Бүх ажлаа зохицуулахгүй бол цагийн хуваарь маш шахуу байгаа.
-АНУ-ын оюутны лигийн тэмцээний шагналын сан хэр өндөр байдаг бол?
-Мөнгөн шагналыг хориглосон байдаг. Долоо хоногт 2-3 тэмцээнд оролцоход мөнгөн шагналын оронд футболк өгдөг.
”Үндэсний шуудан” сонин