Ерөнхий сайд аа,
Эрхэм хүндэт ахмадууд аа,
Зөвлөлгөөнд оролцогч эрхэм нөхөд өө!
Ажил амьдрал, мэргэжил мэдлэгийн гүн их уурхайг өвлөн, үе үеийнхнийг үлгэрлэн яваа нийт ахмадууддаа Та бүхнээр уламжлан эрүүл энх, аз жаргалын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Та бид 2011 оны ажлаа дүгнэн ирэх шинэ жилийг угтан авах босгон дээр уулзаж байгаагаараа онцлогтой байна.
Бид бас 10 хоногийн дараа тусгаар улсыг зарлан тунхагласан 1911 оны түүхэн үйл явдлын 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Түүхийн үе шат бүрд ахмад үеийнхний оруулсан хувь нэмэр, ирээдүй үеийнхэндээ үлгэр болохуйцаар зохих байр эзлэн, тод зам мөрөө үлдээсээр ирлээ. Ардчилал, зах зээлийн өнөөгийн тогтолцоонд ахмадууд нийгмийн шударга ёсны төлөө баттай зогсож, өндөр шаардлага тавьж, хөдөлмөр зүтгэлээрээ үлгэрлэж байгаад бид бүхэн талархаж, бахархаж байна.
Эрхэм нөхөд өө!
Аливаа улс орны нүүр царайг ахмад буурал, өтгөс дээдсийнх нь ахуй амьдралаар танин мэддэг гэдэг. Энэхүү холч мэргэн сургаал монгол хүн бүрийг эзэмдэж, төрийн бодлогын баримжаа болох учиртай.
Манай ахмад үе, тэдний ажил үйлс, ахуй амьдрал, эрүүл мэнд Монгол Улсын төр, засгийн анхаарлын төвд ямагт байж ирснийг тэмдэглэж байна. Бид ахмадаа хүндэлж, тэднээсээ суралцаж, мөн тэдэндээ хайр ивээлээ хүртээн амьдарч заншсан ард түмэн.
“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-тай цөөн орны нэг бол Монгол улс юм. Энэхүү хуулийг цаг үе, нийгмийн хэрэгцээ, нөхцөл байдлыг харгалзан байнга өөрчлөн сайжруулсаар байна.
Төрөөс ахмад настныг баталгаатай орлогтой байлгах, эрүүл мэнд, нийгмийн шаардлагатай үйлчилгээг хүртээх, нийгэм олон нийт, гэр бүлийнхээ дунд тэдний эрх тэгш амьдрах бололцоог хангахад онцгой анхаарч ирлээ. Эдүгээ манай улсад 400 гаруй мянган ахмадууд ажиллаж амьдарч байна. Тэдний үлэмжхэн хэсэгт байнгын халамж, үйлчилгээ шаардлагатай гэдгийг ч бид сайн ойлгож байгаа.
Улсын Их Хурлаас ахмадуудын талаархи эрх зүйн орчныг зохицуулсан хуулиудыг батлан гаргаж, жил бүрийн төсөвт ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тусгаж байна. Зөвхөн 2012 оны төсөвт ахмадуудын тэтгэвэрийг 53 хувиар нэмэх боломжтой байхаар эх үүсвэрийг баталлаа. Энэхүү нэмэлтийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээг илүүтэй нэмэгдүүлэх юм. Мөн 1995 оноос өмнөх ажилласан хугацаа, цалингийн хэмжээгээр тогтоогдсон тэтгэврийн зөрүүг ч шийдвэрлэх боломжтой юм. Суурь тэтгэврийн шинэ тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Орон нутаг албан байгууллагын дэргэд ахмадуудад зориулсан сувилал, амралтын газар, ордонг барьж байгуулсаар байна.
Амьдрал ахуйн байдал, шударга ёсны аль ч утгаараа ахмадууд нийгмийн баялгийн хуваарилалтаас тэргүүн ээлжинд хувь хүртэх эрхтэй хүмүүс гэж хэлж болно. Нийгмийн бусад давхрага ч ахмад үеийнхнийг хүндэтгэн үүнийг хүлээн авч дэмжинэ гэдэгт итгэж байна.
УИХ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1,0 сая төгрөгтэй тэнцэх хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх, түүний тодорхой хэсгийг мөнгөжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газартаа чиглэл өгсөн. Үүнийг зохион байгуулахдаа эхний ээлжинд ахмадуудыг хамааруулж, тэдэнд бэлэн мөнгө авах боломжийг төсвөөр шийдвэрлэсэн.
Улсын Их Хурал удахгүй “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийг хэлэлцэн батална. Чингэхдээ ахмад настнуудад өнөөг хүртэл үзүүлж ирсэн хөнгөлөлт, тэтгэлэг тэтгэмжийг хэвээр үлдээхийн хамт халамж үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэл барьж байна. Тухайлбал ахмад, орлого багатай иргэдийнхээ амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж бий болгож болох юм. Энэ нь “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-д ч зохих өөрчлөлтүүд оруулахыг нөхцөлдүүлэх болно.
Төрөөс ахмадын байгууллагыг дэмжин төрийн гүйцэтгэх зарим ажил үүргийг биелүүлэх боломжийг олгодог оо. Энэ нь ахмадуудын ажил, амьдралын туршлагыг нийгэмд өвлүүлэх чухал нөхцөлийн нэг юм. Төв орон нутгийн ахмадын байгууллагуудын ажлыг сайжруулах, ажиллах бололцоогоор хангахын тулд төсвөөс олгох санхүүжилтыг нэмэгдүүлэх, эрх зүйн хувьд баталгаажуулах шаардлага ч бий. Ахмадын байгууллага хууль суртчилахаас эхлээд олон олон ажил үйлсийг төрийн өмнө гүйцэтгэж байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах санаачилгыг МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооноос гаргасан юм. Энэ зөвлөлгөөнд бүх ахмадын холбоодын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Энэхүү уулзалтын бэлтгэл хангасан бүх хүмүүст талархал илэрхийлж байна.
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!
Манай ахмадууд бол зөвхөн хайр халамж хараад суудаг хүн амын хэсэг огт биш билээ. Тэд нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг, санал бодол нь түмэнд жинтэй хүрч байдаг, тохиолдох бэрхшээлийг даван туулахад тусалж, үүрэгт ажлаа хийж чаддаг, айл өрх, ахан дүүсийн ноён нуруу, гэр бүлийн хүндтэй гишүүд юм. Та бүхний нийгэмд гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй үүрэг үнэлж баршгүй их ээ. Та нарынхаа санал бодлыг бид сонсож байх үүрэгтэй билээ.
Та бүхэн нийгмийн өмнө үүрэг, ялангуяа ахмад настны тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг тунгаан хэлэлцэж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрдэнэт сургаалаа хайрлахыг хүсч зөвлөлдөх уулзалтын ажиллагаа нээснийг мэдэгдье.