Хойд Солонгосын лидер таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын лидер таалал төгслөө

БНАСАУ-ын лидер Ким Чен Ир өнгөрсөн бямба гаригт таалал төгсчээ. Энэ талаар ВВС, CNN, Хойд Солонгосын төв телевиз зэрэг мэдээллийн агентлагууд мэдээлж эхэллээ. БНАСАУ-ын албан ёсны мэдээллээр бол тус улсын лидер Ким Чен Ир өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт “Эх орны эрх ашгийн төлөө оюуны болоод биеийн хүчний хэт их ачаалалтай ажилласны улмаас” хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 2008 оноос хойш түүнийг таалал төгссөн талаар гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа мэдээлж байсан ч тухай бүр няцаагдсаар энэ удаа ийнхүү насан эцэслэсэн нь албан ёсоор зарлагдав.

Ким Чен Ир нь БНАСАУ-ын тэргүүн, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ардын армийн дээд ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны дарга байсан юм. Түүний намтарт дурдсанаар тэрбээр Хойд Солонгосын аугаа удирдагч,”эцэг” хэмээгдэх Ким Ир Сений гэр бүлд 1942 оны хоёрдугаар сарын 16-нд Пэкстусан уулнаа төржээ. Түүний эх нь хувьсгалч бүсгүй Ким Чен Сук байв. “Ким Чен Ирийг мэндлэхэд тэнгэрт давхар солонго татаж, хурц тод од гэрэлтэн байв” хэмээн намтарт нь дурдсан байдаг. Өөр нэг мэдээгээр Ким Чен Ир 1941 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Хабаровскийн хязгаарын Вятское сууринд мэндэлж Юрий Ирсенович Ким гэсэн нэр авчээ. Бага нас нь Солонгосын Хувьсгалт улаан армийн буудлагын тусгай 88 дугаар бригад байрлаж байсан Вятскоед өнгөрсөн байна. Тухайн үед түүний эцэг Ким Ир Сен тус бригадыг ахмад цолтой командалж байжээ.

Ким Чен Ирийн улс төрийн карьер 1961 оноос эхэлж Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд элсчээ. 1973 он гэхэд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож, 1974 онд Улс төрийн товчооны гишүүн болсон байна. Ингэж дэвшсээр 1994 онд Хойд Солонсын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн авчээ. Мөн оны аравдугаар сарын 6-нд түүнийг албан ёсоор аугаа их удирдагч хэмээн нэрлэсэн юм. 2008 онд түүнийг хүчтэй цус харвалтад нэрвэгдсэн  гэдэг.


Түүний дараа жил буюу 2009 оны нэгдүгээр сард тэрбээр гурав дахь хүү Ким Чен Уныг залгажлагчаараа нэрлэж, өнгөрсөн жилээс  Ким Чен Ун генерал цолоор шагнуулж албан ёсоор БНАСАУ-ын лидер гэгдэх болсон юм.

Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сен Монголын удирдагчидтай дотно харилцаатай байж хамгийн сүүлд 1988 онд тусгай галт тэргээр Монголд айлчилсан байдаг.

БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Иртэй холбоотой сонирхолтой мэдээллүүдээс хүргэе.

Тэр үнэхээр ер бусын хүн
Хойд Солонгосын түүхэн зохиол, баримтуудад дурдсанаар Ким Чен Ир ариун дагшин гэгдэх Паэкду уулын энгэрт байрлах нууц баазад модон байшинд мэндэлжээ. Түүнийг хорвоод мэндлэх агшинд тэсгим өвлийн жавар арилж, хаврын урь орон дулаарч, тэнгэрт хурц од гялалзан, давхар солонго татсан гэдэг. Гэхдээ зарим эх сурвалжид Ким удирдагчийг Зөвлөлтийн цэргийн баазад төрсөн тухай дурдсан байдаг юм.

Жинхэнэ загварлаг удирдагч
БНАСАУ-ын “Рудун Синмун” сонинд нийтэлснээр Ким Чен Ирийн загварын мэдрэмж, стиль имиж дэлхийд нэгэнт алдаршжээ. Цахилгаантай дүрэмт хувцасны цамц, түүнтэй өнгө дагуу өмдийг стилиэ болгосон тэрбээр 10 см зузаан платформ ултай гутал өмсдөг байж. Хожим нь түүний энэ өвөрмөц сонголт Холливудын бүсгүйчүүдийн ганган сонголт болж байсан үе ч бий.

Дэлхий дахинаа хайрлагдсан эр
Ким Чен Ирийг орчин цагийн дэлхий дахины агуу удирдагчдын нэг хэмээн үнэлэгдэг байв. Үүний нэг илрэл нь дэлхийн олон улс оронд нэрт удирдагчийн мэндэлсэн өдрөөр түүний тухай кино, баримтат кино гаргаж, фестиваль зохион байгуулдаг. Ялангуяа цөмийн хөтөлбөрийн талаарх түүний үзэл суртал, улстөрийн шийдвэрүүд үргэлж дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг байлаа.

Гамбургерт “нугасгүй” дуртай
Кимийн удирдаж асан коммунист улсад Америк, барууны нөлөө, үзэл суртлыг тас хорьдог байсан ч Ким Чен Ир өөрөө сонголтгүйгээр барууны соёлд “автсан” байж. Товчхондоо тэр гамбургер идэх хамгаас дуртай байсан гэнэ. Ингэхдээ үзэл бодлоосоо ухрахгүйн тулд гамбургер гэх нэрийг нь халж, их сургуулийн оюутнуудыг чанартай хоолоор хангах үүднээс “махан хачиртай давхар талх” гэх шинэ хоол “зохион бүтээжээ”. Удалгүй тэр оюутнууд, багш нарыг хооллох зорилгоор гамбургер их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан гэдэг.

Чамгүй сайн гольфчин
Пхеньяны хэвлэлүүдээр 1994 онд нэгэн сонирхолтой мэдээ цацагдсан нь Ким Чен Ир гольфын бүтэн талбайд /18 нүхтэй байдаг/ ердөө 38 цохилт хийсэн гэх. Анх удаа гольфын цохиур барьж тоглохдоо шилдэг амжилт үзүүлсэн түүнийг мэргэжлийн төвшинд тоглох боломжтой хэмээж байв. Гэхдээ тэр үүнийг нэг их ойшоогоогүй гэдэг.

"Донтолт"
Ким Чен Ирийн удирдлага дор ажиллаж байсан ажилтны бичсэн номонд ийнхүү дурджээ. Нэрт удирдагч нэгэн удаа морьтой давхиж байгаад мориноосоо унасан гэнэ. Эмч нар түүнд өвчин намдаах хүчтэй тун бүхий эмийн жор бичиж өгсөн бөгөөд Ким эм хэрэглэж байх хугацаанд яг өөрийнхтэй ижил тунг ажилтнууддаа өгдөг байсан аж. Шалтгаан нь тэр ганцаархнаа өвчин намдаах, морфины төрлийн бодист донтсон гэх нэрнээс зайлсхийхийг хүсчээ.

“Гитлер II”

1989 онд зохион байгуулсан Дэлхийн оюутан, залуусын их наадмын үеэр Ким Чен Ир нийслэл Пхеньян хотоос бүхий л тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хотоос нүүлгэжээ. Түүнчлэн төр засгаас намхан хүмүүсийг өндөр болгодог эмийн сурталчилгааны хуудас хэвлүүлж, тарааж байсан гэдэг. Ингээд сурталчилгааны хуудасны дагуу холбоо барьсан намхан хүмүүсийг дээрх тахир дутуу иргэдийн хамт хүн ам бага суурьшсан аралд “цөлж” орхижээ. Учир нь Хойд Солонгосын ирээдүй стандарт бус гентэй байх ёсгүй гэж үздэг байж.

Коньякны “мангас”
Дэлхийн шилдэг дарс, коньяк үйлдвэрлэгч “Hennessy” 1990-ээд оны эхэн үед БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийг хамгийн том үйлчлүүлэгч хэмээн зарлаж байв. Тэрээр нэг жилийн хугацаанд “Hennessy”-гийн дарс худалдан авахын улд 600-850 мянган ам.доллар зарцуулж байсан аж. Ялангуяа Paradis нэртэй коньякт туйлын дуртай байсан нь тухайн үед нэг лонх нь 700 ам.доллараар зарагддаг байжээ. Гэтэл Хойд Солонгосын дундаж иргэн жилд 1000 ам.долларын орлоготой байсан гэнэ.

Ийнхүү 17 жилийн турш хөшигний цаадхи хаалттай ертөнцийг удирдаж явсан дэлхийн агуу удирдагчийн сонин, содон тавилангийн түүх өндөрлөв. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ард түмний хайртай удирдагч Ким Чен Ирийг арванхоёрдугаар сарын 28-нд нутаглуулах бөгөөд улс, орон даяар 28, 29-нийг гашуудлын өдөр болгон зарлажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Хойд Солонгосын ард гашуудан уйлж байгааг ЭНД дарж үзнэ үү.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж