“Хайр бүгдийг ялан дийлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Хайр бүгдийг ялан дийлнэ”

Шоронгийн хоригдлоос улсын Ерөнхийлөгч болж явсан арвин баялаг түүх намтартай нэгэн эрхэм таалал төгслөө. Өөрчлөлтийг тайван замаар, цус асгаруулалгүй хийж, ардчилсан тогтолцоог эх орондоо авчирснаар Чехийн удирдагч Вацлав Хавел Зүүн Европыг бүхэлд нь оюун санаа, хүсэл зорилгын хувьд байлдан дагуулж байлаа. Тэрбээр өчигдөр 75 насандаа мөнх бусыг үзүүлэв.

1989 онд ардчилсан Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо тэрбээр нийгмийг шинэчлэлд уриалсан гайхамшигт жүжгийн зохиолуудаасаа болж шоронд хоригдож байсан юм. “Оюун санааны хүч гэдэг ямар ч зэвсгээс илүүтэй хүчирхэг гэдгийг тэрбээр дэлхий нийтэд яруу тодоор харуулсан хүн” гэж Ерөнхийлөгч Барак Обама түүнийг дурслаа.

Прага хотын захад байх түүний зуслангий гадаа хүмүүс цэцгийн баглаа тавьж, лаа асаажээ. Харин Прага хот гашуудлын хар туг унжуулав. Хотын төвд орших ардчилсан хувьсгалын дурсгалд зорилусан хөшөөг гашуудсан сэтгэлээ илэрхийлсэн хүмүүс цэцгээр хучих шахжээ. “Ерөнхийлөгч өө, бидэнд ардчилал бэлэглэсэнд баярлалаа” хэмээн бичсэн бичгийг хэн нэгэн авчирч тавьсан байна.

“Үнэнч шударга, жинхэнэ хайр хоёр үзэн ядалт, худал хуурмагийг үргэлж ялан дийлдэг” хэмээн Вацлав Хавелийн хэлсэн алдартай үг бий. Тэрбээр “Хүчгүйн хүч” гэдэг нэртэй нийтлэлийг 1978 онд бичин төмөр хөшигний цаана шуугиан тарьж явсан билээ. Тоо томшгүй олон удаа баривчлагдан, эцэстээ дөрвөн жил коммунист шоронд хоригдож байхдаа түүний эхнэртээ бичсэн захидлууд хожмоо “Ольгад бичсэн захидлууд” нэртэй ном болон хэвлэгдэж хүмүүсийн унших дуртай номын нэг болсон байна.

1996 онд эхнэр Ольгагаа нас барснаас 11 сарын дараа тэрбээр хорт хавдрын хагалгаа хийлгэн уушгиныхаа гуравны нэгийг тайруулсан юм. Дараа нь өөрөөсөө 20 насаар дүү жүжигчин бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд Дагмар Вескрнова гэдэг тэр бүсгүй түүнийг насан эцэслэтэл нь асран халжмилж байжээ.

Эх сурвалж: http://news.yahoo.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж