Шархадны гэгдэх тус хороонд эдүгээ 3000 өрх, 12045 хүн ам оршин сууж байна.
Шинээр ашиглалтад орж буй энэхүү цогцолбор 265 сая төгрөгийн өртгөөр босчээ. Цогцолбор барилгын гүйцэтгэгчээр “Дархан хүнс” ХХК ажилласан байна.
“Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор байр”-ыг дотоод сүлжээ, интернэтэд холбосон байна. Хорооны цогцолбор байрыг ашиглалтад хүлээн авах ёслолд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баатарням, Хабитат Олон улсын байгууллагын төслийн зохицуулагч хадагтай Эдэн Гардэн болон тус хорооны ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Өмнө нь тус хороо нь уурын зуухаар халдаг 3 өрөө шавар байшинд төрийн үйлчилгээ үзүүлж байсан бол одоо 2 давхар нэг цэгийн үйлчилгээний танхим, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг нэг дор байрласан нэгдсэн цогцолбор байртай болж байна. Хорооны барилгыг өмнө нь өрхийн эмнэлэг байрлаж байсан хуучин модон байшингийн суурин дээр НҮБ-ийн Хабитат олон улсын байгууллагын санхүүжилтээр барьжээ. Төслийн гэрээнд 4-дүгээр сард гарын үсэг зурж 5 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Баянзүрх дүүрэг нийт 28 хороотой 265 мянган хүн амтай. Нээлтийн ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Б.Батзориг бүрэн эрхийн хугацаанд бүх хороог цогцолбор байртай болгохоор ажиллаж байгаагаа онцлон дурдлаа. Энэ жил 5 хорооны шавыг тавьсан бөгөөд одоо байргүй 6 хороо байгаа аж.