Их мастер Тицианы зургийг эндүүрсэн байжээ | News.MN

Их мастер Тицианы зургийг эндүүрсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Их мастер Тицианы зургийг эндүүрсэн байжээ

Тицианы зургийн хуучин эзэнтэй Christie’s дуудлага худалдааныхан хэл амаа ололцжээ. Дээрх дуудлага худалдааны шинжээчид алдарт Тицианы эх зургийг буруу тодорхойлсноос болж мянга мянган ам.долларын алдагдал хүлээлээ гэж Daily Telegraph мэдээлж байна. Тэд 1994 онд "Ионна Крестителягийн толгойтой Саломе" зургийг дуудлагаар зарахдаа өөрийнх нь бодит үнээс хэт доогуур үнэлсэн байжээ.
    Анх 20 гаруй жилийн өмнө энэ зургийг ах дүү Дэвид Диксон, Сюзан Пристли нар эцгийнхээ хуучин байшингаас олжээ. Тухайн үед Christie’s –ийн шинжээчид зургийг үзээд Тицианы шавь нарын нэг зурсан тул төдийлөн үнэд хүрэхгүй гэж тодорхойлжээ. Тэгээд дуудлаганд оруулахад 12 мянган доллараар зарагдсан байна. Гэтэл нөгөөх зураг нь яван явсаар Миланы цуглуулагч Луижи Келликерийн гар дээр иржээ. Цуглуулагч зургийг бага зэрэг сэргээн засварласныхаа дараа Английн Карл I хааны эзэмшиж байсан их мастер Тицианы эх зураг хэмээн нийтэд зарласан аж.
    2004 онд зургийн хуучин эзэн Дэвид Диксон, Сюзан Пристли нар санаандгүй байдлаар өөрийн зургаа Тицианы уран бүтээлийн үзэсгэлэн дээр тавигдсан байхыг олж үзжээ. Ингээд тэд  бодит үнийг нь олж мэдсэнийхээ дараа Chrisie’s ордонг шүүхэд өгсөн байна. Гэвч шүүх өнгөрсөн сарын 24-нд болох байсан ч хоёр тал зөвшилцсөн гэж үзсэний үндсэн дээр товлосон хугацаандаа болоогүй байна.
    Sotheby’s–ийн шинжээчдийн дүгнэлтээр энэ зургийг Венецийн их мастер Тициан XVI зууны 70-аад онд зурсан гэж үзэж байгаа юм. Харин Шотландын үндэсний галерейн сангийн захирал Эйдана Уэстон-Льюсийнхаар бол Тициан тухайн үед өөрийн шавь нарын хамт бүтээлээ туурвидаг байсан учир энэ зураг ихээхэн маргаантай гэжээ. Гэсэн ч шинжээч судлаачдын дүгнэлтээр энэ бүтээлийн ихэнх хувийг их мастер өөрийн гараар бүтээсэн гэдэгтэй санал нэг байна. Рентгений судалгаа ч үүнийг баталж байгаа юм. Гэхдээ 2009 онд Нью-Йоркод Sotheby’s дуудлага худалдаан дээр уг зургийн анхны үнийг дөрвөн сая доллараар нэрлэсэн боловч зарагдаагүй билээ.
                                                                                                                            Л.Золбаяр
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж