Уул уурхайнхан хамгийн олон ажлын байр бий болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан хамгийн олон ажлын байр бий болгожээ

“Ажлын
байр-2012” хөдөлмөрийн яармаг өнгөрсөн баасан гаригт “Соёлын төв
өргөө”-нд боллоо. Энэ үеэр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд
хийсэн ажлаа төрийн байгуулагууд танилцуулав. Монгол Улсын Засгийн
газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ
жилийн хүрээнд хичнээн хүн ажилтай болж, хичнээн ажлын байр шинээр бий
болгов оо. Энэ асуултад хариулт авахаар “Ажлын байр-2012” хөдөлмөрийн
яармагийг зорилоо.  Хөдөлмөрийн яармагт оролцохоор, ажил хайж ирэгсэд
олон байна лээ.  Өнгөрсөн хавар дээд сургуулиа төгсөөд мэргэжлийн
ажилдаа өнөөг хүртэл орж чадаагүй ажил хайж яваа залуухан бүсгүй байсан
бол дөч нэлээд гарсан эр ч ажилд орохоор уг хөдөлмөрийн яармагийг зорьж
ирсэнээ хуучилсан юм.

Хэдийгээр тэтгэвэрийн насанд хүрээгүй ч 40
гарсан л бол  ажил олоход хэцүү болчихож. Залуучуудад нь болохоор ажлын
байр хэд хэдээрээ санал болгоод ахимаг насны иргэдээ ингэж гадууурхаад
байхаар яаж амьдрал ахуйгаа авч явах болж байна. Энэ хүмүүс чинь улам л
нийгмээс тусгаарлагдаад байна шүү дээ. Надад мэргэжил боловсрол гээд
байх зүйлгүй болохоор олигтой ажил ч олдохгүй юм. Би энд Өмнө-Говь
аймагт нэг уурын зуухны галчаар ажилд орохоор анкет бөглөчихлөө. Эхлээд
ярилцлаганд ороод тэнцвэл ажилд авна гэсэн хэмээн Хан-Уул дүүргийн
аравдугаар хорооны иргэн Ж.Нямдорж хуучлав. Нийгмийн хамгаалал
хөдөлмөрийн яамнаас санаачлан зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих жил”-ийн хаалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг
хэллээ. Тэрээр “2011онд  72 мянга гаруй байнгын, 45 мянга орчим түр
ажлын байрыг шинээр бий болгож чадсан нь  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
жил”-ийн зорилт анх төлөвлөснөөс ч илүүтэйгээр амжилттай биелсэн бүтээлч
он байлаа. Энэ жилийн гараа ирэх жилүүдэд улам эрчимжиж, бага орлоготой
өрхийг дэмжих ажлыг тууштай хэрэгжүүлэх болно. Засгийн газар хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах эрх зүйн орчинг шинэчлэн,
хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтын эх үүсвэр, шинэ дэмжлэг бий
болгож, ажил хийж ахуй амьдралаа дээшлүүлье гэсэн иргэд, өрхийг дэмжин,
ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг арга хэмжээ
авсан. Энэ нь цаашдаа урт хугацаанд, тогтвортой үр өгөөжөө өгөх бодлогын
суурь өөрчлөлт болж чадлаа. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн
хүрээнд тавьсан гол зорилтын нэг нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн
системийг сайжруулах байсан.Энэ нь ажил олгогч, ажил хайж байгаа
иргэдийг хооронд нь холбоход чухал үүрэг гүйцэтгэх юм.Ажилгүй иргэдээ
дүүрэг, хороо, сум, багууд нэг бүрчлэн гаргаснаас гадна, хөдөлмөрийн зах
зээлийн мэдээллийг аж ахуйнэгж, иргэн, байгууллага, статистикийн албад
нэг загварын маягтаар гаргадаг болсон нь мэдээлэл үнэн зөв, бодитой
болох үндэс болжээ” хэмээн  дүгнэсэн юм.  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
жил”-ийн ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой арга хэмжээ өдөр
бүр зохиогдож байжээ. Энэ нь хэдийгээр тоон үзүүлэлтийн хувьд маш сайн
үзүүлэлт боловч жингэнэ үр дүн буюу чанарын үзүүлэлт нь ямар вэ гэдэг л
чухал байх. Тиймээс хичнээн хүн ажилтай болсон хийгээд хичнээн хүний
амьдрал ахуй сайжирсан бэ гэдэг нь “Хөдөлмөр эрхлэлтийн жил”-ийн хамгийн
том үзүүлэлт биз..

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд
шинээр бий болсон ажлын байрны 18 хувь нь барилгын салбарт 42 хувь нь
хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт, 10 хувь нь уул уурхайн
салбарт бий болсон ба цаашид ч эдгээр салбарт ажлын байр бий болох бүрэн
боломж байгаа хэмээн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан ярьсан.
Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд амжилттай ажиллаж,
тогтвортой байнгын ажлын байрыг бий болгож ажилгүй иргэдийг ажилтай
болгосон хувийн хэвш­лийн байгууллагуудыг шагнаж урамшуулсан юм.

Манай
улсын нийт хүн амын 70 гаруй хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг
бөгөөд насны хувьд залуужиж байгаа аж. Харин хөдөлмөрийн насны хүн амын
55 хувийг ажиллах хүч, зургаан хувийг ажилгүй иргэд, үлдсэн хувийг эдийн
засгийн идэвхгүй хүн ам эзэлж байна. Энэ тоо 2025 он хүртэл хадгалагдах
магадлалтай гэсэн тооцоо гарчээ.   “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн
ажлыг сайн зохион байгуулж, бодит үр дүнд хүрсэн аймаг, нийслэл, аж
ахуйн нэгж байгууллагын удирдлагуудыг шагнаж урамшууллаа. Үндэсний
хорооны дүгнэлтээр нийслэл Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь
аймаг жилийн ажлыг сайн зохион байгуулж бусдыгаа тэргүүлсэн бол Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгааллын яам үр дүнтэй
ажилласан байна. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий
аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Багхангай дүүргийн 16
дугаар хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын
3 дугаар баг, Дорнод аймгийн Матад сумын Түмэнхан баг илүү
санаачлагатай ажиллан, иргэддээ хүрсэн олон ажил хийснээрээ улсдаа
шалгарлаа.  Хувийн хэвшлийнхнээс хамгийн олон ажлын байр бий болгосон
байгууллагаар “Эм Си Эс” групп, “Энержи ресурс”, “Алтайн хүдэр” компани,
“Макс” групп, “Монгол алт” корпораци, “Блю скай”, “Говь”, “Тедмент”,
“Эсмо” компани, Хадгаламж банк тодорлоо.

Х.Нарангэрэл

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж