“Барселона” Клубуудын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Барселона” Клубуудын дэлхийн аварга боллоо

FIFA-гийн Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт өчигдөр Японы Йокохама хотноо болж, Европын Аваргуудын лигийн аварга “Барселона” клуб Өмнөд Америкийн аварга “Сантос”-ыг 4:0-ээр буулган авлаа. 2011 онд Ла лиг, Аваргуудын лиг болоод Испанийн Супер цомын эзэд болсон Каталоны нэр төр аваргын цомоо дахин нэгээр ахиулав. Аргентин довтлогч Лионель Месси дубль хийснээс гадна Шави, Фабрегас нарын бөмбөг байгаа оносон. Тэд ийнхүү дэлхийн хамгийн шилдэг клуб гэдгээ дахин баталсан юм. Тоглолтын дараа “Барса”-гийн ахлагч Карлес Пуойль “Бид өөлөх юмгүй тоглолт хийлээ. Сайхан ч тоглолт боллоо, үр дүнд нь сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

Европ болоод Өмнөд Америкийн аварга багуудын тоглолтыг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч гэгдэх Месси болоод Бразилийн 19 настай залуу од Неймар нарын халз тулаан болно гэж тоймчид таамаг дэвшүүлж байсан ч Месси тоглолтын од нь болон гялалзаж, багаа ялалтад хөтөлсөн. Тэрбээр мөн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн юм. Тоглолтын дараа Неймар “Барселона ялах эрхтэй. Тэд бол дэлхийн шилдэг баг, бидний хувьд сайн хичээл боллоо” хэмээжээ. Дашрамд сонирхуулахад, Неймарыг Испанийн “Реал Мадрид” болоод “Барселона” багууд аль аль нь багтаа элсүүлэхээр ярилцаж байгаа билээ.

Клубуудын ДАШТ-ий гуравдугаар байрын төлөө Катарын “Эль Садд” торгуулийн цохилтоор 5:3 харьцаатай Японы “Кашива Рейсол” багийг хожсон байна.

Клубуудын ДАШТ-ий сүүлийн таван жилд төрсөн аваргууд:

2007 – АС Милан
2008 – Манчестер Юнайтед
2009 – Барселона
2010 – Интер Милан
2011 – Барселона

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж