“Эсэргүүцэн жагсагч” оны хүн болов

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Эсэргүүцэн жагсагч” оны хүн болов

Америкийн “TIME” сэтгүүлийн хамт олон 2011 оны “оны хүн”-ээ арванхоёрдугаар сарын 14-ний өдөр тодруулсан билээ. Энэ удаад сэтгүүлийн редакци 2011 оны хүн бол нийтлэг бөгөөд  үл танигдсан “эсэргүүцэл гаргагч” (protester) байх ёстой гэсэн байр суурийг баримталсан байна. Засаг захиргаандаа сэтгэл дундуур, түүнийгээ ил тод илэрийлж эсэргүүцэн жагссан хүн дэлхийд хамгийн том нөлөөг үзүүлсэн хүн байна гэж тус сэтгүүлийн удирдлага үзсэн байна. Редакцийн онцолсон энэ ангилалд Ойрхи Дорнод, Хойд Африкийн эсэргүүцлийн хөдөлгөөн, АНУ ба Европын “The Occupy Wall Street” хөдөлгөөнийнхөн, Оросын жагсагчид хамрагджээ.

“TIME” сэтгүүл нь 1927 оноос хойш оны хүнээ тодруулахдаа (заримдаа бүлэг хүмүүс эсвэл амьгүй эд зүйл) тэр жилдээ дэлхий ертөнцөд эерэг буюу сөрөг нөлөөлөлийг нь үндэслэж шалгаруулж ирсэн байна. Хамгийн анхны “оны хүн” нь Атлантын далайг  ганцаараа гатлан ниссэн нисгэгч Чарльз Линдберг байсан юм. “TIME” сэтгүүлийн редакци зарим хүмүүсийн нөлөөг өөрийнхөөрөө тодорхойлж ирсэн учраас энэ номинацийг тойрсон маргаан нэлээдгүй гардаг. Тухайлбал, “жилийн хүнээр” 1938 онд Адольф Гитлер, 1943 онд Иосиф Сталин, 1979 онд Ираны Исламын хувьсгалын лидер аятолла Хомейни нарыг шалгаруулсан нь янз бүрийн шүүмжлэлийг дагуулж байв. Заримдаа энэ жилийн шалгаруулалт шиг нийтлэг хүнийг тодруулж байлаа. 1950 онд америк цэрэг, 1969 онд АНУ-ын дундаж ангийг жилийн хүнээр нэрлэж байсан билээ. 

Өнгөрсөн долоо хоногт уншигчдын дунд хэнийг жилийн хүнээр нэрлэх вэ гэсэн санал асуулгыг TODAY.com сайт явуулсан бөгөөд хамгийн алдартай хүмүүсийн тоонд “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс, Конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Габриэль Гиффордс ба Усама бин Ладеныг устгасан “Далайн хавууд” отрядын дарга орж байжээ. Энэ сарын 13-ны өдөр жилийн хүн тодруулах “TIME” сэтгүүлийн онлайн асуулгаар Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган шалгарсан байв.

“TIME” сэтгүүлийн чансааны тодорхойлолтоор олон нийтийн Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг “оны хүнээр” арванхоёрдугаар сарын 16-нд тодорлоо. Хорин зургаан настай  Цукерберг  дэлхийн хамгийн залуу тэрбумтан юм. Түүний интернэт сүлжээ 500 сая оролцогчтой. “TIME” сэт­гүүлийн чансааны жагсаалтад “WikiLeaks” сай­тыг үндэслэгч Жулиан Ассанж, дуучин бүсгүй Леди Гага ба “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс нарыг багтаажээ. Ассанжийг уншигчид “жилийн хүнд” тохирно гэж үзсэн нь сонирхолтой. Түүний дараа “Fox” телевизийн хөтлөгч, консерватив үзэл­тэй Гленн Бек явсан бөгөөд Цукербергийг ун­­шигчид 25-д нэрлэсэн байжээ. Сануулахад сэт­гүүлийн уншигчид шаг­налт­­нуудыг дэмжих бо­ломжтой байдаг ч “жилийн хүнийхээ” эцсийн шал­гаруулалт хийх эрхээ редакци өөртөө үлдээдэг.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж