“TIME” сэтгүүл нь 1927 оноос хойш оны хүнээ тодруулахдаа (заримдаа бүлэг хүмүүс эсвэл амьгүй эд зүйл) тэр жилдээ дэлхий ертөнцөд эерэг буюу сөрөг нөлөөлөлийг нь үндэслэж шалгаруулж ирсэн байна. Хамгийн анхны “оны хүн” нь Атлантын далайг ганцаараа гатлан ниссэн нисгэгч Чарльз Линдберг байсан юм. “TIME” сэтгүүлийн редакци зарим хүмүүсийн нөлөөг өөрийнхөөрөө тодорхойлж ирсэн учраас энэ номинацийг тойрсон маргаан нэлээдгүй гардаг. Тухайлбал, “жилийн хүнээр” 1938 онд Адольф Гитлер, 1943 онд Иосиф Сталин, 1979 онд Ираны Исламын хувьсгалын лидер аятолла Хомейни нарыг шалгаруулсан нь янз бүрийн шүүмжлэлийг дагуулж байв. Заримдаа энэ жилийн шалгаруулалт шиг нийтлэг хүнийг тодруулж байлаа. 1950 онд америк цэрэг, 1969 онд АНУ-ын дундаж ангийг жилийн хүнээр нэрлэж байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт уншигчдын дунд хэнийг жилийн хүнээр нэрлэх вэ гэсэн санал асуулгыг TODAY.com сайт явуулсан бөгөөд хамгийн алдартай хүмүүсийн тоонд “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс, Конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Габриэль Гиффордс ба Усама бин Ладеныг устгасан “Далайн хавууд” отрядын дарга орж байжээ. Энэ сарын 13-ны өдөр жилийн хүн тодруулах “TIME” сэтгүүлийн онлайн асуулгаар Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган шалгарсан байв.
“TIME” сэтгүүлийн чансааны тодорхойлолтоор олон нийтийн Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг “оны хүнээр” арванхоёрдугаар сарын 16-нд тодорлоо. Хорин зургаан настай Цукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан юм. Түүний интернэт сүлжээ 500 сая оролцогчтой. “TIME” сэтгүүлийн чансааны жагсаалтад “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж, дуучин бүсгүй Леди Гага ба “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс нарыг багтаажээ. Ассанжийг уншигчид “жилийн хүнд” тохирно гэж үзсэн нь сонирхолтой. Түүний дараа “Fox” телевизийн хөтлөгч, консерватив үзэлтэй Гленн Бек явсан бөгөөд Цукербергийг уншигчид 25-д нэрлэсэн байжээ. Сануулахад сэтгүүлийн уншигчид шагналтнуудыг дэмжих боломжтой байдаг ч “жилийн хүнийхээ” эцсийн шалгаруулалт хийх эрхээ редакци өөртөө үлдээдэг.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
"Ардын эрх" сонин