Шороотын Цэвээний мэндэлсний 110 жилийн ойг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Шороотын Цэвээний мэндэлсний 110 жилийн ойг хүндэтгэв

Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн хүндэтгэлт ой болон төрийн анхны яамд тулга бадрааж, тамга барьсны мөн 100 жилийн буурал түүхийг монголчууд энэ өдрүүдэд ёсолж байна. Төр ёсны тэгш ойнуудын зэрэгцээ Улсын драмын эрдмийн театрынхан уран бүтээлийн өргөөндөө Шороотын Цэвээний мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэв.

Ард түмний сэтгэлд “Шороотын” хэмээх овгоороо мөнх үлдсэн Чимэдцэрэнгийн Цэвээн агсан 1901 онд одоогийн Төв аймгийн Лүн суманд малчин ардын ууган хөвүүн болон мэндэлжээ. Шинэ цагийн театр, киноны түүхийг бичилцсэн алтан үеийнхний манлайд түүний нэрийг дурсдаг. “Монгол хүү” киноны Цэвээн, “Сүхбаатар” киноны Баяр гүн, “Цогт тайж” киноны Гүүш хааны дүрээрээ ард түмний сэтгэлд тэрбээр мөнх хоногшжээ.

“Монгол ахуй, монгол натурыг Шороотын Цэвээн тайз, кинонд үлдээсэн юм. Миний багшийн багш учраас, Монголын театрын бахархал учраас түүнийг бид дурсан хүндэтгэж байна” хэмээн Ардын жүжигчин Д.Цэрэндагва, Ц.Гантөмөр, Л.Мягмарнаран нар хэлсэн үгэндээ онцолсон юм. Улсын драмын эрдмийн театрынхан энэ өдрүүдэд үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын нэрт мастер, Монгол улсын төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ойг мөн тэмдэглэн өнгөрүүллээ. “Цогт тайж” киноны Улаан малгайтын дүрээр олон түмний сэтгэлд хоногшсон Ж.Лувсанжамц агсан, театр, киноны олон сайхан дүрээрээ үзэгчдэд хайрлагдсан С.Сэлэнгэ нарын гэгээн дурсгалыг уран бүтээлчид бас хүндэтгэн дурсацгаалаа.

Дурсамжийн үдэш Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Цэвээний үр сад эцгийнхээ дурсгалд зориулан уран бүтээлийнх нь цомгоос дэлгэсэн агаад алдарт жүжигчин Ж.Лувсанжамц, Монгол улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ агсны үр хүүхдүүд дурсамжийн үгээ хэлсэн юм.

Б.Алигэрмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж