Улсын Ерөнхий поркурорын газраас өнгөрсөн баасан гаригт мөрдөн байцаах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зааврыг шинэчлэн боловсруулж хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад танилцуулсан юм. Хууль зөрчсөн үйл ажиллагаа гарсан хойно нь прокурорт ирүүлдэг өнөгийн буруу тогтолцоог халж, уг зөрчлийг гаргуулахгүй байхын тулд эхнээс нь хэрэг бүртгэгч , мөрдөн байцаагч нарын тодорхой ажил бүртэй прокурор танилцаж, хэргийг хэрхэн яаж шалгах, зүйлчлэх зэргийг прокурор чиглүүлдэг болох юм байна. Ингэснээр хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх нэг алхам болох гэнэ. Түүнчлэн насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэргийн мөрдөн байцаалтад прокурор заавал оролцож заавар зөвлөмж өгч удирдан чиглүүлж байхаар уг зааварт тусгасан байна. Мөн прокурор нь хэргийн ажиллагааны явц, үр дүнгийн талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас амаар болон бичгээр асууж танилцнж, байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцож гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт хийснээр мөрдөн байцаалтын ажиллагааны явцад ч прокурор хүссэн үедээ хэргийг хянах, заалт чиглэл өгч ажиллах боломжтой болно гэсэн юм. Энэхүү заавар, аргачлалыг шинэчлэн боловсруулсан нь хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх мөн албан тушаалтан болон поркурорын ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг чанд мөрдүүлэх зорилтыг хангахад чиглэжээ.
Х.Нарангэрэл
"Ардын эрх" сонин