Хувь нийлүүлэгчид “Эрдэнэт” үйлдвэрийн 2011 онд олсон ашиг, төлсөн төлбөр зэрэг санхүүгийн тайланг хэлэлцэхээс гадна тус үйлдвэрт нэвтрүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах аж. Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр оросуудаас зэмлэл сонсохгүйн тулд монголчууд нилээд хичээж байгаа бололтой. Тиймээс тус үйлдвэр дээр Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, менежментийн хэлтсийн дарга Х.Володягаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд очиж ажилласан байна. Тэд тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан гэнэ лээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн алба хаших хугацаа ирэх оны дөрөвдүгээр сард дуусгавар болох бөгөөд тэрбээр сонгуульд хүч үзэж магадгүй учраас он гаргаад ерөнхий захирлын суудалд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг ярих гэнэ лээ. Учир нь сонгууль болохоос зургаан сарын өмнөөс уг албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн байх учиртай. Хэрвээ сонгуульд нэр дэвшихгүй гэвэл түүний орыг хэн залгах вэ гэдэг асуудал ирэх дөрөвдүгээр сард шийдэгдэх юм байна. Гэхдээ Ч.Ганзоригийн зүгээс сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа Төрийн өмчийн хорооныхонд хэлсэн бололтой. Тиймээс Төрийн өмчийн хороо оросуудад энэ талаар ч уламжилсан аж. Түүний орыг залгахаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайн аав элчин сайд асан Л.Хангай горилж байгаа гэх. Тиймээс тэр Ерөнхий сайд С.Батболдын үүдээр эргэлдэх болсон гэсэн яриа байна. Тэгвэл 2008 оны сонгуулийг будилантуулсан үймээний эзэн гэгдэх Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Д.Баттулга ч бас энэ үйлдвэрийн ерөнхий захирлын суудалд санаархаж байгаа гэнэ лээ.
Хувь нийлүүлэгчдийн хурлаар яригдаж магадгүй гэж монголчуудын айж байгаа нэг асуудал бол УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн АТГ-т шалгуулсан явдал. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө идсэн гэх хэргээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай хамт АТГ шалгаж байсан юм. Хэдийгээр асуудал намжсан ч гэлээ оросууд энэ талаар сөхөж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд суух хүнд хатуухан шалгуур тавьж магадгүй гэсэн яриа бас байна.
"Ардын эрх" сонин