Уучлалын талаарх эргэцүүлэл

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Уучлалын талаарх эргэцүүлэл

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал гэвэл сонин хэвлэлийн хуудаснаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэрхэн “тэсэрсэн” тухай мэдээллүүд л “толгой цохих” шив. Бүр зарим нь “Амиараа дэнчин тавьсан тэмцэгч” ч гэх шиг өөрөө сонсоод ичиж үхмээр тал зассан үгийг харамгүй урсгасан байна. Эцэст нь нөхдүүд эрхэм гишүүнд талтайгаа илэрхийлээд байна уу, эсвэл асуудалд нь ач холбогдол байна уу гэдгийг ялгаж салгах аргагүй болсон билээ. Хувь хүний үүрэг ролийг хэт их томруулах тусам түүний босгож ирсэн уг асуудлын утга учир, ач холбогдол жижигрээд ирж байгаа юм. Өнгөн талаас нь харахад ирэх сонгуулийн өмнө амжиж олсон айхтар том “очков” мэт хараг­даж болох ч хэрэг дээрээ түүнийг дагалдаж гарсан баахан “цагаан” магтаалуудаас болж өөрөө ч жаахан ичингүйрсэн байж магадгүй. Тэгээд ч хүнийг унагахын тулд маш ихээр магтаад байхад л болчихдог юм гээ биз дээ.

Гэхдээ энэ бол манайхан ямар нэг юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг дот­роос нь хайхын оронд заавал хэн нэгэн баатар, бодит хүнээр төлөөлүүлж ойлгоод сурчих­са­ны гай. Ухаандаа “Монголчууд өлсгөлөн байна” гэхийн оронд “Бидний өлсч буйг тэр л ойлгох юм даа” ч гэх юм уу. Гэхдээ энэ нь жирийн бидний ч биш, эрхэм  төрийн түшээд, шийдвэр гаргагчдын дунд ч байдаг дутагдал аж. Энэ ч гайгаар уучлал гуйх тухай тогтоолын төсөл УИХ-ын нэгдсэн чуулган дээр унасан. Уучлал гуйх нь зөв үү, буруу юу гэдгийг бодохын оронд манай гишүүд “Очиж очиж Тэмүүжингийн үгэнд орж уучлал гуйх уу. Тэгвэл ёстой сайн эцэг, сайхан дүүгийн хэрэг алга” гэдэг ч юм уу. Тэгээд эцэст нь таван иргэнийхээ амь насыг хамгаалж чадаагүй төр уучлал гуйх ёстой юу, үгүй юу гэдэг гэдэг гол асуудлаасаа хазайгаад Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Очир ба Д.Зоригт нарын хэн нь хүчтэй вэ, аль нам олуулаа вэ гэдэг өрсөлдөөн болоод хувирчихсан. Ялагдсандаа шаралхсан Х.Тэмүүжин нь аргагүйн эр­хэнд иргэд рүү буудсан цагдаа нарын хэргийн материалаас олон нийтэд дэлгэсэн билээ. Гэхдээ ядахдаа үүгээр ч гэсэн дамжуулаад олон нийт “цагдаа хүн буудсан нь үнэн юм байна, тийм учраас тэдний өмнөөс төр уучлал гуйхаас аргагүй” гэдэг бодит байдал руу эргэж очсон.

Уг нь асуудлын ул үндэс, учир шалтгааныг ухаад үзвэл 2008 оны долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод үүссэн үймээн, онц байдал зарласантай холбогдон гарсан хүний эрхийн зөрчлийн асуудлыг Хүний эр­хийн үндэсний комисс 2008 оны илтгэлдээ авч үзсэн билээ. Илтгэлийг УИХ-аар хэлэл­цүү­лэ­хийн тулд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гарч,

-Баривчилгааны дараа буюу цагдаагийн байгууллагын ба­рил­га байгууламжийн дотор, эзэмшлийн газарт иргэд зодуул­сан, иргэний нэр төр халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн эсэх,

-Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад иргэдийг эрүү­дэн шүүж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэх,

-Прокурор, шүүхийн байгууллага хэт нэг талыг барьсан, хэргийн шийдвэрлэлтэд урьдчилсан дүгнэлттэй орсон, холбогдох хуулиуд болон шүүгчийн ёс зүйг баримтлалгүй дээрээс өгсөн заавар чиглэлийн дагуу хэргийг шийдвэрлэж, иргэ­дийн шударга шүүхээр шүүл­гэх эрхийг зөрчсөн эсэх,

-Цагдаагийн байгууллага хуульд заасан журмаас гадуур галт зэвсэг хэрэглэж, хүний амьд явах эрхийг зөрчсөн эсэхийг хянан шалгах ажил явуулсан билээ.

2009 оны долдугаар сард байгуулагдсан ажлын хэсэг 2009 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Долдугаар сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулж, эхний гурван бүлэг асуудлаар иргэдээс мэдээлэл, албан тушаалтнуудаас тайлбар авахад цагдаагийн байгууллагын эзэм­шил газарт иргэдийг зодож, иргэний нэр төрд халдсан, мөр­дөн байцаалтын явцад иргэдийг эрүүдэн шүүж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, шүүх, прокурорын байгууллага нэг талыг барьсан шийдвэр гаргаж, дээрээс өгсөн чиглэлийн дагуу хэргүүдийг шийдэж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн гэдэг нь олон нийтэд нэгэнт ил болсон билээ. Харин галт зэвсэгтэй холбоотой хэрэг мөрдөн бай­цаал­тын шатанд байсан тул шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг хянаж үзэхээр хойшлуулсан байдаг.

Үүний дараа буюу 2010 оны гуравдугаар сарын 17-нд “Цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэсний ул­маас иргэдийн амьд явах эрх зөрчигд­сөн эсэх” талаарх нээлттэй сонсголыг УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос олон нийтэд зарласан ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн /УИХ дахь намын бүлгийн дарга нар, байнгын хороодын дарга нар ордог/ шийдвэрээр нээлттэй сонсгол УИХ-ын хуралдааны хуваариас удаа дараа хассан байдаг. Мөн оны дөрөвдүгээр сарын 12-нд ЦЕГ-ын дарга, дөрөвдүгээр сарын 20-нд УЕП-оос УИХ-ын даргад “Нээлттэй сонсголд оролцохгүй” гэдгээ албан бичгээр мэдэгдсэн тул арга буюу сонсгол зохион байгуулах ажлыг зогсоосон байна. Энэ хооронд долдугаар сарын 1-ний хэрэг гарах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил нар ямархуу мэдэгдэл хийж байсныг уншигчид санаж буй биз. Ц.Мөнх-Оргил нь “Онц байдлын штабаас цагдаад буудах тушаал өгөөгүй” гэсэн бол С.Баяр “Хэрвээ цагдаа буудсан бол хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ.

Дараа нь 2010 оны зурга­дугаар сарын 23-нд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, долдугаар сарын 1-ний хэргээс авсан сургамж дээр үндэслэн хуулийн байгуул­лагуудын үйл ажиллагааг шинэч­лэх, хүний эрхийн зөрчлийг арил­гах талаар зөвлөмж боловсруулж, түүнийгээ УИХ-ын тогтоол болгон гаргуулахаар Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлсэн байдаг. /нөгөө хүн буудсан цагдаа нарын асуудал хойшилсон хэвээр л байв/ Тухайн үед Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд Хүний эрхийн дэд хорооноос гаргасан зөвлөмжийг хэлэлцэх асуудлаар байнгын хороо гурван удаа хуралдаж, гурван удаа буцаасан билээ. Чухам энэ хооронд хам­гийн их цаг хугацаа алдсан бөгөөд Хүний эрхийн дэд хороо­ноос гаргасан зөвлөмж УИХ-ын байнгын хорооны тогтоол болт­лоо жил зургаан сарын хугацааг туулсан байна.

Ингээд энэ оны арванхоёр­дугаар сарын 06-нд Д.Одбаяр даргатай Хууль зүйн байнгын хороо хуралдаж, “Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай” хэмээх дөрвөн хэсэг, есөн заалт бүхий тогтоолын төслийг боловсруулан УИХ-ын нэгдсэн чуулганд оруулсан юм. Харин гурав хоногийн дараа нэгдсэн чуулганаар хэлэлцэгдсэн уг асуудал гишүүдийн олонхийн саналаар /15:24/ унасан.

Тогтоолын төслийн эхний хэсэгт багтаж байгаа есөн заалт нь бүхэлдээ хууль, шүүхийн бай­гуул­лагыг шинэчлэх, аж­лын уялдаа холбоо, зохион байгуу­лал­тыг сайжруулах, бүтэц чиг үүргийн хувьд өөрчлөн зохион байгуулах, хүний эрхийн хяналтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг дурдсан бол хоёрдугаар хэсэгт нь нэгдүгээр хэсэгт дурьдагдсан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-ын 2012 оны хаврын чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар /Ерөнхий сайд С.Батболд/-т даалгахаар, ха­рин гурав, дөрөвдүгээр хэсэгт “төрийн хууль бус халд­л­агад өртөж, ойр дотнын хүмүү­сийн­хээ амь насаар хохирч, хага­цал үзсэн хохирогчдоос Монголын төр уучлал гуйх, Монголын ард түмний эв нэгдлийг билэгдэл болохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нэрийн өмнөөс уучлал гуйх”-аар тогтоолын төслийг боловсруулсан билээ.

Уг нь энэ асуудалд одоогийн Ерөнхийлөгчөөс илүү тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Ерөнхий сайд, онц байдлын штабыг ахалж ажилласан Хууль зүйн сайд, онц байдал зарласан Ерөнхийлөгч нар холбоотой. Гэвч нэгдүгээрт энэ нь тухайн үед эрх барьж байсан намтай холбогдоод улстөржөөд яв­чих­вал уучлал гуйх асуудал УИХ-аар дэмжигдэхгүй нь тодорхой учраас, хоёрдугаарт төрийн залгамж чанар гэдэг утгаар Хууль зүйн байнгын хорооны нөхдүүд одоогийн Ерөнхийлөгчтэй хэлэлцэн тохирч, уучлал гуйх үүргийг Ерөнхийлөгч өөрийн бие дээр авсан аж. Гэвч Хууль зүйн байнгын хороон дээр дэмжлэг авсан уг асуудал УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэрхэн унасныг олон нийт өөрсдийн нүдээр харсан. Нэгдсэн чуул­ган дээр тогтоолын төслийг унагасныхаа дараа МАН-ын бүлгийн зарим гишүүн “Тогтоолын төсөл ийм өргөн агуул­гатай байсныг бид мэдээ­гүй шүү дээ, зөвхөн уучлал гуйх тухай л юм байх гэж бодсон юм” хэмээн харамссан байна лээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх өө гэж.

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж