Төвлөрлийг сааруулах төсөл дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Төвлөрлийг сааруулах төсөл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.

Төрийн үйлчилгээг бүсийн тулгуур төв хотуудад тараан байршуулж, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад энэхүү хуулийн төсөл чиглэгдсэн гэдгийг хуулийн төсөл санаачлагчдаас танилцуулж “одоо мөрдөж байгаа хуулиар бол Засгийн газар энэ асуудлыг судлах ч эрхгүй байгаа. Өнөөдөр хотуудын ирээдүй тодорхойгүй болоод байна. Иймд ямар агентлагыг хаана хаана байршуулах нь илүү үр дүнтэй байх асуудлыг судлах эрхийг Засгийн газарт олгохоор төсөлд тусгаад байгаа юм. Өнөөдөр нийслэлийн хүн ам хэт төвлөрч, төрийн үйлчилгээний ачаалал ихэссэн. Хөдөө, орон нутаг руу дэд бүтэц хөгжүүлж, зам тавьж байгаа ч ачаа эргэлт нь дүүрэхгүй байна” гэдгийг хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Улаанбаатар хотын ачааллыг бууруулахын тулд Засгийн газрын агентлагуудыг орон нутагт байрлуулах хэрэгтэй гэж үзэж байсан юм. Тухайлбал, гишүүн З.Энхболд “Уул уурхайн агентлаг томоохон ордууд байгаа Өмнөговьд, хөдөө аж ахуйн агентлаг хөдөөд байх хэрэгтэй. Ингэж байж дэд бүтэц хөгждөг. Мөн Арвайхээр хотод шуудангийн үйлчилгээг төвлөрүүлж болно. Тэнд улсын төв цэг байдаг. “Газар тариалангийн буудай сан” Сэлэнгэ аймагт байхад буруудахгүй” гэж байв.

Агентлагуудыг хөдөө, орон нутагт тараан байршуулах нь хэр оновчтой талаар санал зөрөлдөөнтэй байсан ч мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед агентлагуудтайгаа Засгийн газар хурдан шуурхай харилцаад байх боломжтой гэх хандлага дийлэнх гишүүдэд байлаа.   

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн байршлыг тодорхойлсон байхад дахиад байршил ярих хэрэг байна уу. Хөдөө орон нутагт агентлагуудыг байршуулах тохиолдолд байр сууц, ажиллах хүч гээд хөрөнгө мөнгөний асуудал гарна гэдгийг хэлж байлаа. Мөн хэрвээ агентлагуудыг өөр газруудад шилжүүллээ гэхэд эхний ээлжинд ямар ямар агентлагийг хаана хаана байршуулах нь зүйтэй талаарх урьдчилсан төсөөллийг сонсохыг хүссэн юм. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Засгийн газрын тухай хуулинд агентлагийн бүтцийг тодорхойлсноос бус байршил тогтооно гэж тусгаагүй. Өнөөдөр үнэхээр төрийн байгууллагуудын хэт төвлөрөл бий болоод байна. Бусад улс орон хүн ам цөөтэй газартаа төрийн чухал чухал үйлчилгээг байршуулах нь ил тод зарчмыг бий болгодог гэж үздэг. Агентлагуудыг бусад хотуудад байршуулах төсөөлөлийг миний хувьд урьдчилж хэлэх боломжгүй. Ийм учраас энэ асуудлыг Засгийн газар судлана гэдгийг хуулийн төсөлд тусгасан байгаа гэсэн тайлбар өглөө.

Харин энэ тайлбарыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа гишүүн Ц.Батбаяр илэрхийлж “өнөөдөр бүх аймгуудад агентлагийн салбарууд үйл ажиллагаа явуулж байгаа. Агентлагуудыг хөдөө орон нутагт шилжүүлснээр үр дүн гарна гэдгийг огт ойлгохгүй байна. Жишээ нь Улаанбаатараас Сэлэнгэд МХЕГ-ыг аваачихаар тэнд очиж хуралд оролцоход цаг хугацаа, санхүүгийн нөхцөл байдал үүснэ биздээ. Одоо нэг агентлагт 10-аад л хүн ажиллаж байгаа. Аливаа зүйлд эдийн засаг болоод цаг хугацааны үр ашиг байдаг. Ийм бүтэхгүй юмны төлөө олон жил сонгогдсон Монгол Улсын баатар хүн алсыг харж байгаа байлгүй дээ гэж бодож байна” гэв. Ийн эсэргүүцэж буйг дэмжиж байсан гишүүдээс ч “өнөөдөр улсын хэмжээд Засгийн газрын 50 гаруй агентлаг ажилладаг аж. Үүний тал шахам нь төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зарим нь агентлагуудыг нийслэлээс холдуулах нь эргээд үйл ажиллагааны хамрах хүрээ хумигдаж, төрийн алба цалгардуулах магадлалтай гэж сануулсан. Учир нь агентлагт дээд тал нь 50-иад хүн ажиллана. Энэ 50 хүнээс болж төвлөрөл нэмэгдэж байгаа гэдэг нь өрөөсгөл. Агентлагийн даргыг хуралд дуудахад өчнөөн хөрөнгө, цаг зарцуулах болно гэж байлаа. Иймд агентлагуудыг үйлчилгээ үзүүлэхэд ойр газарт байршуулах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй” гэцгээж байлаа.

Ийнхүү гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа санал хураалгахад гишүүдийн 64,1 хувь нь дэмжив.

Үүний дараа “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг мөн л хэлэлцэхийг дэмжсэн байна.

Тогтоолын төсөлд боловсруулах үйлдвэрт малчны тушаасан ноосыг нарийвчлан зэрэглэх шийдвэр нь хэрэгжихэд хүндрэлтэй байгаагаас гадна үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохирсон ноосоо ангилан авч байгаа тул ноосны кг тутамд олгох урамшууллыг зэрэглэл харгалзахгүй олгох шаардлагатай тухай тусгажээ. Тодруулбал, 30 дугаар тогтоолын “… хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох” гэсэн заалтаас “нэгдүгээр зэргийн” гэснийг хасах өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд, 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар хангалтгүй ажилласнаас малчид хохирч байгааг хэлж байсан бөгөөд тогтоолын хэрэгжилт удаашралтай, тодорхой үр дүн гараагүй байгаад дүгнэлт хийж, мал аж ахуйн салбар дахь хоршооллын хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт татаас өгөхдөө зөв, онож өгөх ёстой гэж байлаа.

Б.МАНД

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж