Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Ширакийн аз дутав

Францын ерөнхийлөгч асан Жак Ширакт шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. Тэрбээр 1990–1995 онд Парис хотын захирагч байхдаа  албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө хөрөнгөөс шамшигдуулсан гэж буруутгасан байна. Мөрдөн байцаалтын явцад түүнийг хариуцлагаас чөлөөлөхийг хүссэн ч шүүх тэгж үзсэнгүй. Ширакийн эсрэг  улс төрийн сөрөг хүчнийхэн энэ шийтгэлийг Франц ардчилалын ялалт гэж дүгнэв.

“Жак Ширак олон нийтийн хөрөнгө мөнгө хариуцсан албан хаагч гэсэн үүргээ умартан итгэл даалгүйгээр парисчуудын итгэлийг эвдэж, олон нийтийн сайн сайханд хохирол учруулсан” гэж шүүгч Доминик Потын хэлснийг AFP дамжуулсан байна.

Ширак 1977 оноос хойш, 1995 онд ерөнхийлөгчөөр сонгогдох хүрт­лээ хотыг захирч байсан энэ албан тушаалыг эрхлэх сүүлийн жилүүдийн идсэн уусан бүхэн нь илэрсэн байна. Тэрээр 1990-1995 онуудад хэдэн арван хоосон ажлын байр бий болгоод тэр “ажилтнуудын” цалин хөлсийг хожим эрх баригч “Ард түмний хөдөлгөөнийг дэмжигч” нам болсон  “Бүгд найрамдах улсыг дэмжих холбоо” гэсэн өөрийн намын санд оруулж байжээ. Тэр мөнгөнөөс намын штабын ажилтнуудад цалин өгч байсан гэнэ. Энэ залилангийн улмаас хотын төсөв 1,4 сая еврогоор хохирсон байна. Тухайн цагтаа социалист Бертран Деланоэгийн толгойлсон хотын захиргаа Ширактай заргалдаж байв.  Тухайн үед Ширак 2007 он хүртэл ерөнхийлөгчийн дархлалтай байв. Өндөр тушаалаас зайлсны дараа тэр хэргийг дахин сөхөж, гаргаж тавьсан байна.

Хоёр жилийн өмнө аравдугаар сард шүүх хурал явуулах шийдвэр гаргасан ба Ширак ч шүүгч нартай уулзахад бэлэн гэв. Тэр үед “Le Figaro” сонинд ярилцлага өгөхдөө Ширак “Намайг буруутгах үндэслэл байхгүй. Би шүүхэд тайван, итгэлтэйгээр очино, үнэн тогтоогдоно. Энэ бүгд нь надад итгэл үзүүлж байсан францчуудад хэрэгтэй” гэж тэр хэлж байв. Мөн шүүх өөрийн талд байгаа гэдэгт итгэлтэй байсан юм. Парисийн захиргаа нь Ширак ба түүний намаас 2,2 сая еврог эргүүлэн төлсний дараа гомдлоо эргүүлэн татсан байв. Гэтэл Франц улсын нэрийн өмнөөс хэргийг дахин нээжээ. Хэрэг үйлдэгдсэн хугацаа мөн сэжигтний биеийн байдлаас үүдэн прокурор Ширакт ял ноогдуулахгүй байх хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Тэр арван жилээр хоригдон 150 мянган евроны торгууль төлж магадгүй байсан юм.Экс ерөнхийлөгч биеийн байдлаасаа болон шүүх ажиллагаанаас чөлөөлөгдсөн байв. Эмч нар түүнийг зөнөглөлөөс бол ой санамжаа алдаж магадгүй мэдрэлийн сааталтай хэмээн дүгнэж байсан юм.

Ширакийн өмгөөлөгч шүүхээс гарсан шийдвэрийг тийм ч хурцаар шүүмжлээгүй байна.  ”Энэ шийдвэр нь Францын ард түмний өнөөг хүртэл Ширакт хүндэтгэлтэй ханддагийг арилгаж чадахгүй гэдэгт би найдаж байна” хэмээн өмгөөлөгч Жорж Киейман сэтгүүлч нарт хэлэхдээ экс-ерөнхийлөгч даван заалдах эсэхийг мэдэхгүй гэжээ.

Вьетнамд төрсөн Ширакийн өргөмөл охин Ан Дао Траксель ялыг “хэтэрхий хатуу” байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. “Шүүх засаглал түүнийг хүндэтгэх хэрэгтэй, энэ ял манай гэр бүлд том зовлонг авчирлаа” гэсэн охиных нь үгийг хэвлэлээр бичиж байна.

Улс төрийн эсрэг талынхан нь энэ шүүхийг Францын ардчилалын ялалт гээд Ногоон намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч шүүгч асан Эва Жоли Ширакаас Үндсэн хуулийн цэцийн суудлыг суллаж өгөхийг шаардав. Энэ жилийн гуравдугаар сард шүүх хурал эхлэхэд Ширак ҮХЦ-ийн ажилд оролцохгүй гээд сарын 11 мянган евроныхоо цалинг өгөхгүй байхыг хүссэн  билээ. Пүрэв гаригт дууссан шүүх хурал хоёр хэргийг нэгтгэн шүүсэн юм. Эхнийх нь 1992–1995 онуудад бий болгосон 21 хуурамч ажлын байр, дараагийнх нь 1990–1994 онуудад өөр долоон хуурамч орон тоо бий болгосон хэргүүд байлаа. Сүүлчийн хэргийг нь Парисийн Нантер гэх дагуул хотын прокуророос явуулж байсан ба түүнд Ширакийн ойрын хамтран зүтгэгч ерөнхий сайд байсан Ален Жюпе яллагдан 14 сарын тэнсэн авснаас гадна нэг жил улс төр явуулах эрхээ хасуулсан байв. Тэр дараа  нь Саркозийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд болсон юм.  

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж