Ерөнхий сайдын төвшинд энэ асуудлыг авч үзэж байгаа нь гурван талт хэлэлцээр өндөр төвшинд эхэллээ гэж ойлгож байна хэмээн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар энэ үеэр хэлж байлаа.
Багш нарын ажил хаясан үеийн цалин хөлсийг тодорхой хууль журмын хүрээнд шийдвэрлэх, цалин хөлсийг ирэх хоёр болон тавдугаар сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар боловсруулж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ. Мөн Засгийн газар багш нарын тавьсан шаардлагыг бодитойгоор шийдвэрлэж, ажил хэрэгч хандах үүднээс тэднийг хүлээн авч, уулзаж байгаагаа хэлээд та бүгд ч гэсэн энэ асуудалд хариуцлагатай хандаж нийгмийн гурван талт зөвшилцлөөр хэлэлцэж байгаа асуудлаа хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах тухай тодорхой ярилцав. Засгийн газрын гишүүд ч өөрсдийн салбарын хүрээнд шийдэж болох асуудалд хариуцлагатай хандахыг ч мөн давхар анхаарууллаа. Энэ ажил цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үлгэр жишээ үзүүлсэн алхам болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн онцоллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.