Анхны таван яамны ойд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Анхны таван яамны ойд мэндчилгээ дэвшүүлэв

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монголын ард түмэн зуун жилийн өмнө эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, засаглалын хэлбэртээ тохирсон анхны таван яамыг байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан тус салбаруудад ажиллаж байгаа төрийн захиргааны нийт албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ, 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө өрнөсөн тэмцлийн үр дүнд төрт ёсны эртний уламжлалт Монгол Улсын төрийн тогтолцоо сэргэж эхэлсэн билээ. Түүний тод жишээ бол Монгол Улсын Богд хааны анхны лүндэнгээр Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч, Сангийн бүгд хэргийг  захиран шийтгэгч, Цэргийн хэргийг захиран шийтгэгч таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан явдал юм. Эдгээр яамд нь тухайн үед эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны суурь зохицуулалтыг бий болгон нийгмийн хөгжил дэвшлийг хангахад Богд хаант Монгол Улсад хүндтэй үүргийг гүйцэтгэжээ. Засаглалын анхны энэ бүтэц 1921 онд Ардын засагт уламжлагдан, улмаар хөгжлийн тодорхой шатанд Засгийн газрын чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны мэргэшсэн төв байгууллага болтлоо хөгжиж ирсэн билээ.

Анхны таван яам нь улс гэрээ төвхнүүлэхийн тулд ард түмнийхээ аж ахуйн санаачлагыг тэтгэх, ардын доторхи эрдэм чадалтай хүмүүсийг язгуур угсаа харгалзахгүйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, өөрийн цэрэг, цагдаатай болох, иргэний сургууль, соёлын ажлыг хөгжүүлэх зэрэг шинэчлэлийн олон  зүйлийг эхлүүлж чадсан байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Үндэсний эрх чөлөөг тунхаглахдаа олсон энэ амжилт монголчуудын  үндэсний бахархал, төрд итгэх итгэлийг тэтгэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг мэдрүүлснээр 1921 оны Ардын хувьсгалын уриа дуудлага болж, шинэ зууны хөгжил дэвшилд хөтөлсөн. ХХ зуунд тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс маань дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, олон улсын хамтын нийгэмлэгт хууль ёсны байр сууриа эзэлсэн юм. Монгол Улс 1990 оноос ардчилсан өөрчлөлтийг тайван замаар хийж,  шинэ Үндсэн хуулиа  батлан мөрдөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон замнаж байна.
Энэхүү тэмцлийг амжилтад хүргэсэн эх орончдын баатарлаг түүх, төр түмэндээ үнэнч, шударгаар зүтгэсэн төрийн зүтгэлтэн, түшмэдийн гавьяа зүтгэлийг Монголын төр, ард түмэн үргэлж бахархан дурсаж гүнээ хүндэтгэж байдаг юм. Монголчууд төрт ёс, төрийн хуулийг дээдлэх түүхэн уламжлалтай бөгөөд энэхүү уламжлалаар өнөөгийн төрийн яамд, түүний албан хаагчид эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хуулийг чанд мөрдөж, албан үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлж байгааг онцлон дурдаад цаашдаа ч төрийн яамдын ажилд соёл, дэг журам, ёс зүйг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн бодлого боловсруулах, иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээг улам боловсронгуй болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн байна.

Уг мэндчилгээг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өчигдөр болсон таван яамны 100 жилийн ойн баярын хурал дээр уншиж гардууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж