А.Алтанхуяг нутгийнхаа барилдаанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

А.Алтанхуяг нутгийнхаа барилдаанд түрүүлэв

Даншгийн их аварга Чүлтэмээр овоглосон удамт бөхчүүдийн нутаг, дуу хуурын өлгий Дундговь аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан  Монгол бөхийн өргөөнд өчигдөр/2011-12-17/ боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга нараар магнайлуулсан аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнгөн, М.Баярсайхан нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглов.

Барилдааныг Дундговь аймгийн нутгийн зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо, “Түшээт ханы аварга” дэвжээ хамтран зохион байгуулсан ба барилдааныг үзэж сонирхохоор дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, даян аварга А.Сүхбат, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Түшээт ханы аварга дэвжээний тэргүүн Б.Наранхүү, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга, удирдлагууд  хүрэлцэн ирцгээлээ.

Барилдааны хоёрын давааны дараагаар "Нутгийн салхи" хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн нутгийн зөвлөл, "Түшээт ханы аварга"  дэвжээний тэргүүн, “Мон-Уран” ХХК-ний захирал Б.Наранхүү нутгийнхаа 14 сум болон аймгийн төвийн 5 сургуулийг үндэсний бөхийн дэвсгэр хивстэй болгож дэвсгэр хивс, дагалдах зодог шуудаг зэргийг МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат, аварга С.Мөнхбат  нарын хүндэт зочид төлөөлөгчидөөр сургуулийн удирдлагуудад гардууллаа.

Тус дэвсгэр хивс гардуулсан  аваргуудад Б.Наранхүү захирал гурав гурван сая төгрөг өгч, нутгаасаа улсын цолтой бөхчүүд төрүүлэхэд хамтран ажиллахыг хүсэн ерөөсөн бол  Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав, Эрдэнэдалай сумын харъяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг нарт Ланд крузер-200 маркийн машины түлхүүрийг гардуулж сайн барилдахыг хүсэв. Тэрээр машины түлхүүрийг гардуулахдаа "улсын харцага Л.Пүрэвжавыг энэ жил улсын наадмаар Алтанхуяг арслангаа авсангүй гэж хүмүүс хэлж байгаа. Пүрэвжав шударга барилдсан, би үүнийг дэмжиж байгаа. Алтанхуяг арслан өөрийн хүчээр цол авч чадна" гэв.

Дундговь аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн энэ удаагийн барилдаанд тус нутгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан А.Алтанхуяг түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нийслэл өргөө” компанийн бөх, аймгийн арслан Д.Энхбат үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн хурц арслан Ч.Батчулуун, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар шалгаран үлджээ.

www.undesniibukh.mn Б.Цолмон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж