Төсвөөс очих хөрөнгийг зөв шингээхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Төсвөөс очих хөрөнгийг зөв шингээхийг сануулав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарт оролцогчидтой өнгөрсөн долоо хоногт уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргаж буй хууль тогтоомж, улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар төр, засгаас  баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
 
    УИХ, Засгийн газар өнгөрсөн дөрвөн жил шахам хугацаанд юуны өмнө улс төрийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зарчим баримталж ирснийг УИХ-ын дарга ярианыхаа эхэнд дурдаад өнөөгийн эрх барьж буй хүчнийг дотоод хяналтгүй, шүүмжлэл багатай, хоорондоо найрдаг гэсэн яриа багагүй байдаг ч өргөн утгаар нь харвал хамтарсан Засгийн газар чамлахааргүй үр дүнтэй ажилласан гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

    Тэрбээр ярихдаа “Юуны өмнө дэлхий дахиныг нөмөрсөн санхүү-эдийн засгийн хямралыг хамтын хүчээр даван гарч, эдийн засгийн хөгжлийн шинэ гараан дээр улс орноо авчирч чадлаа. УИХ, Засгийн газар улс орныхоо эдийн засгийн тогвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Эдийн засгийн өсөлт нь нийгмийн хур асуудлуудыг шийдэх суурь нөхцөл болно. Улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн тогтвортой байдлаар сольж чадвал ойрын үед томоохон үр дүнд хүрэх боломж байна. Төсөв батлахдаа бид ард түмнээсээ гар татаагүй, тухайлбал, 2012 онд төрийн албан хаагчдын  дундаж цалин 750 мянган төгрөг болно, түүнээс гадна ахмадын тэтгэврийг дунджаар хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож төсөвт суулгасан. Ингэснээр хувийн секторт ч гэсэн зохих нөлөө үзүүлж, энэ салбарынхны цалин хөлс нэмэгдэхэд нь түлхэц болно гэж үзэж байна. 2009 онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувь бууруулах саналыг Засгийн газар гаргахад бид засаглалынхаа зардлаас танасан. Цаашдаа цалин нэмэгдүүлэх замаар ард түмнийхээ хэрэглээг нэмэгдүүлж, энэ хэмжээгээр үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх бодлого барьж байна” гэлээ.

    Олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүнд ихээхэн өсч, нийгмийн баялаг урьд үзэгдээгүй ихээр нэмэгдэн, дотоодын нйит бүтээгдэхүүний хэмжээ өсөхийн хэрээр Монголын ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх суурь боломж бүрдэж буй өнөөгийн нөхцөлд төсвийн орлогын хуваарилалтад томоохон ахиц, өөрчлөлт гаргахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч байгааг УИХ-ын дарга дурдав. “Төсөв батлахад Хүний хөгжил сангийн хууль буюу уг сангийн орлого, зарлагыг баталддаг болсон нь төсөвт гарсан шинэ үзэгдэл юм. Төсвийг тэнцвэржүүлж орлогоо хуримтлуулж байхын тулд Төсвийн тэнцвэржүүлэлтийн санг байгууллаа. Монгол Улсын бэл бэнчин ийнхүү өссөнтэй холбоотойгоор орон нутагт хуваарилах хөрөнгө мөнгө нэмэгдэж байгаа тул түүнийг зөв шингээж, төсөв зарцуулах, хуваарилах чадамжаа дээшлүүлэхэд ихээхэн анхаарах нь чухал юм” гэдгийг УИХ-ын дарга нутгийн удирдлагад анхаарууллаа. 

    Тэрбээр мөн Монгол орны эдийн засгийн салбаруудыг тэгш хөгжүүлэх, түүний дотор мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор УИХ-аас “Монгол мал” хөтөлбөр, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг боловсруулан гаргаж,  газар тариалан, мал аж ахуйн салбарыг урамшуулах эдийн засгийн механизм бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд орон нутгийн удирдлага ч энэ талаар сайн ажилласныг үнэлсэн юм. Үүний сацуу эдийн засгийн урамшууллын механизм ихээхэн өгөөжтэй байдаг тул уламжлал болгон хэрэглэхийн чухлыг онцлон хэлж байв.

УИХ-ын дарга мөн төр, засгаас макро эдийн засгийн бодлогын түвшинд төсөв, мөнгөний уялдаатай бодлого явуулж, үнэ ханшийг тогтвортой байлгахад анхаарч байгааг онцлоод “Энэ жилийн улсын төсвийг батлахдаа УИХ-ын гишүүд тойргоо, аймгаа  харсан бус, улс орныхоо нийтлэг эрх ашгийг харгалзсан ардач шинж чанартай төсөв баталснаар төсвийн зарлагыг нь 720 тэрбум төгрөгөөр бууруулсан. Цаашдаа хөрөнгө мөнгө нэмэгдэхийн хэрээр орлогыг аль болохоор нөөцлөх бөгөөд сонгуулийн жил гээд олсноо хамж зарлагадахыг бодохгүй, төсвийн зардлыг хэмнэх зарчмыг тууштай баримталж,  төсвийн сахилгыг чанд сахиж, захиргааны бүтэц, нэгж, орон тоог нэмэгдүүлэхгүй байх шаардлага тавигдаж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллээ.   

    Мөн УИХ дөнгөж нэг өдрийн өмнө сонгуулийн хуулийг баталсан нь улс төрийн шинэчлэлийн чухал алхам болсныг УИХ-ын дарга онцлоод ингэснээр ирэх  оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, санал тоолох ажиллагаанд автомат машин ашиглахаар болсныг дурдав. Тэрбээр хэлэхдээ, хуульд улс төрийн намуудын босгыг таван хувиар тогтоосон нь олон намууд шударгаар өрсөлдөж УИХ-д суудал авах өргөн боломж нээж өгсөн. Сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан нь парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ахиулах боломж олгосон. Түүнчлэн улс төрийн намууд, нэр дэвшигчид бэлэн мөнгө болон хувьцаа олгох амлалт авдаг явдлыг хуулиар хааж өгснөөр хоосон амладаг, сонгогчдын саналыг худалдаж авах оролдлого хязгаарлагдаж байгаа юм. Энэ хууль бүхэлдээ хариуцлагыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг хангахад чиглэж байгаа. Сонгуулийн тойрог, хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөлөл биш төрийн албан хаагчид ажиллахаар болсон нь сонгуулийн хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой” гээд хуулийг ард иргэдэд сайтар сурталчилж ойлгуулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад орон нутгийн удирдлагууд өнөөдрөөс анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж