Олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд чуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд чуулав

Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн удирдах ажилтын зөвлөгөөн, семинар өнөөдөр /2011.12.18/ Монголын үндэсний олимпийн хорооны байранд боллоо. Зөвлөгөөнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ардын эмч Ж.Хатанбаатар, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсын өнцөг, булан бүрээс ирсэн олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд оролцов. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2012 онд МҮОХ-ноос хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар “Зөв амьдарч, ажиллах тухай”, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван “Олимпийн хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага”-ын тухай илтгэл тавилаа.  Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү 2011 онд хийсэн ажлын тайлангаа тавьж, Говьсүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөлийн дарга Л.Цэдэнсодном, Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Москва” олимпийн танхимын захирал З.Янжмаа нар олимпизмийг сурталчилж, олимпийн хөдөлгөөнийг бусдад таниулж буй арга туршлагаа бусадтайгаа хуваалцсан юм.

Уг зөвлөгөөний үеэр 2011 оны шилдэг олимпийн зөвлөл, танхимуудыг шалгаруулсан. 2011 оны шилдэг олимпийн зөвлөлөөр Баянзүрх дүүргийн “Нагано” олимпийн зөвлөл (дарга Ч.Төмөрчөдөр, арга зүйч С.Тунгалаг), Ховд аймгийн “Мельбурн” олимпийн зөвлөл (дарга Д. Энхболд, арга зүйч Б.Энхтайван), Говь-Алтай аймгийн “Лос Анжелес” олимпийн зөвлөл (дарга Ж.Уранчимэг, арга зүйч Ц.Занданбал), Архангай аймгийн “Мехико” олимпийн зөвлөл (дарга Ц.Нэргүйбаатар, арга зүйч Б.Амарзаяа), Өмнөговь аймгийн “Афин” олимпийн зөвлөл (дарга С.Түвшинбаяр, арга зүйч Б.Батсайхан) нар тус тус шалгарлаа. Харин шилдэг олимпийн танхимаар Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Одод” олимпийн танхим тодорчээ. Маргааш “Бөртэ чоно-2011” оны тэргүүн шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр шилдгийн шилдэг олимпийн зөвлөл, танхимыг тодруулах болно.

Монголын үндэсний олимпийн хороо нь олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд 2002 оноос эхлэн үндэсний хэмжээнд өөрийн салбар зөвлөлийг байгуулахаар зорьж, өдгөө улсын бүх аймаг, дүүрэгт нэгэнтээ байгуулагджээ. Түүнчлэн салбар зөвлөлүүдээрээ дамжуулан улсын хэмжээний бүх арван жилийн сургуулиудад нийт 700 гаруй олимпийн танхимыг байгуулан ажиллаж байна. Сүүлийн үед их, дээд сургуулиуд, цэргийн ангиудад олимпийн танхимыг ихээр байгуулж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж