7 сарын 1-ний хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

7 сарын 1-ний хэргийг прокурорт шилжүүлжээ

Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгасан “Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Үймээний үеэр буудах тушаал өгсөн хэрэгт буруутгагдаад буй  цагдаагийн удирдлагууд болон амь насаа алдсан залуусын ар гэрийнхэн  хавтаст хэрэгтэй танилцаж, дууссан байна. Хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг  сэргээн  шалгаснаас хойш тэднийг  Эрүүгийн хуулийн 294.2-т  зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн  юм. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх  аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж