Амь амиа бодоорой гээд хаях уу, амийг нь бодсон зохицуулалт хийж өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Амь амиа бодоорой гээд хаях уу, амийг нь бодсон зохицуулалт хийж өгөх үү?

Монгол улсын Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж эхэлж байна. Үүний араас Онцгой албан татварын болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд шил шилээ даран хэлэлцэгдэнэ. Хүнсний болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг санаачилж оруулж ирсэн Засгийн газрын холбогдох яамны нөхөд төрийн түшээдийн өмнө хуулийнхаа агуулга, ялгааг ч олигтойхон тайлбарлачихаж чадахгүй элэг доог болж байгаа хэдий ч энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр байнгын хороогоор шийдвэрлэсэн нь яамай даа. Хуулийн үзэл баримтлалд худалдагч, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй тооцох хариуцлагыг голлож анхаарсан гэж байгаад нь талархан сайн хууль гараасай хэмээн хүлээж байна. Учир нь Монголд хүнсний террор амь бөхтэй удаан нүүрлэж байгаа. Ийм цаг үед өнөөдрийн батлагдах хуулиуд түүнийг устгах зэвсэг болж чадвал нэн сайнсан.

Монголчууд хаа газар амиа бодогч нэрээрээ зартай. Энд тэнд юм болж байвал зөвхөн өөрийгөө л аваад гарахаа бодно. Бусад нь яаж ч байсан хамаагүй. Энэ сэтгэлгээ нь гэвч хөөрхий, төрөлхийн биш бололтой юм. Амьдарч байгаа нөхцөл байдал, нийгэм, хэрэглэж байгаа хэрэглээ биднийг ийм болгож орхиж. Тухайн хүн өөрөө л хэрэглэж байгаа хоол хүнс, бараа бүтээгдэхүүндээ анхаарахгүй бол болохгүй. Амиа бодохгүй л бол түүний амийг төр засаг ч юмуу, хэн нэг нь бодоод чанартай, шаардлага хангах бүтээгдэхүүн урд нь дэлгээд тавьчихна гэж байхгүй. Уг нь хэрэгжүүлэхээс аргагүй хууль шиг хуультай, мөрдөхөөс аргагүй дүрэм журамтайсан бол өнөөдөр хүмүүсийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд үйлдвэрээс гарахдаа, хилээр орж ирэхдээ л баталгаатай гэдэг нь тогтоогдчихсон байх учиртай. Улс нь хүнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалсан эдийн засаг, эрхзүйн оновчтой зохицуулалт хийж чадаагүйгээс ард иргэд энх цагийн хүнсний террорт өртөж хохирсоор байгаа юм. Өнөөдөр Монголд ажлаа тараад гэр лүүгээ яарч яваа гэрийн эзэгтэй супермаркетаар шурдхийж ороод шаардлагатай зүйлээ санаа зовох зүйлгүй шүүрч аваад гарах боломж хомс. Манай худалдан авагчид үнэхээр өрөвдөлтэй. Бүх юмыг барьж, үнэрлэж, бүр болохгүй бол хазаж хэмлэж үзэх шаардлага гарна. Үүнд хамаг цаг зав, нервээ зарцуулчихна. Уг нь хазах мэрэх, харах шалгах ажлыг нь хяналтын байгууллагууд аль хэдийнэ хийж баталгаажуулчихсан баймаар. Хил гаалиар шалгаад оруулахыг зөвшөөрдөг хүмүүс бидний татварын мөнгөөр ажиллаж байхад, орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг зарж болох уу, үгүй юу гэдгийг хянадаг аппарат мөн л та бидний татварын мөнгөөр цалинжиж байхад, бидэнд хууль журмын дагуу баталгаатай чанартай бүтээгдэхүүнээр үйлчилнэ гээд улсаас лиценз зөвшөөрлийг нь авчихсан үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд нь бидний мөнгөөр бараа бүтээгдэхүүнээ сольж байхад яагаад заавал бид тэр авсан хоол хүнсээ хортой байна уу, үгүй юу, хугацаа нь дуусч уу, үгүй юу гэж цаг заваа барж, эргүүлж тойруулан шалгаж, идэх уухдаа түгшүүртэйгээр амьдрах ёстой юм бэ? Ажил төрлөө хийгээд ар гэртээ яарсан, ядарсан хүмүүс замдаа ганц нэг дэлгүүрээр хальт ороод талх тариа, жаал жуул юм ухасхийж аваад харьж амармаар байна шүү дээ. Үргэлж л “Та нар сайн шалгаж ав, хортой хугацаа нь дууссан юм худалдаж авав аа, сэрэмжил” гэж айлгаад л авсных нь хохь, аваагүйнх нь зол, амь амиа бодоорой гээд хаях уу? Аль эсвэл амийг нь бодсон сайн зохицуулалтыг төрөөс хийж буух эзэн, буцах хаягтай бүтээгдэхүүнээр ард иргэдээ дайлах үү?

М.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж