Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулах Оюутолгой төслийн гэрээт компанийн монгол ажилчид спиртэд хордож, нэг хүн нас барсан хэрэг энэ сарын 16-17-нд шилжих шөнө гарсан. Эмнэлгийн анхны дүгнэлтээр нас барсан нэг иргэн, хордож эмчилгээнд хамрагдсан хоёр иргэн спиртийн хольцтой шингэн ууж, хордсон болох нь тогтоогджээ. Хэрэг гарсан шөнийн 06.18 цагт ажилчид хордсон талаарх дуудлага ирж, SOS эмнэлгийн яаралтай тусламжийн баг нэн даруй очсон боловч нэг нь нас барсан байжээ. Харин хордлогод орж, биеийн байдал нь хүнд байсан хоёр ажилтныг SOS эмнэлгийн эмч, хоёр сувилагчийн хамт тусгай нислэгээр баасан гаригийн орой нийслэлд авчирсан байна. Цагдаагийн байгууллага тус компанийн ажилчид чухам ямар найрлага бүхий шингэн уусныг тогтоох, гэмт хэргийн шинжтэй зүйл байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
С.Отгон