Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Гавьяат тамирчин М.Бундмаа эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир хүрэл медалийн эзэн болов.
63 кг-д хүч үзсэн Ц.Мөнхзаяа (№10) Кыргызстаны Бубусаира Абдилманап Кызыг 1 минут 38 секундэд цэвэр, Италийн Эдвиг Гвенд (№18)-ийг юүко үнэлгээгээр ялж наймд үлдээд сар орчмын өмнө Амстердамын Гранпригийн хагас шигшээд хантэйгаар хожигдож байсан олимп, ДАШТ-ий медальт, Голландын Элизабет Виллебоордсе (№5)-г мөн юүкогоор илүүрхэн медалийн болзол хангасан. Медалийн өнгөө хувиргах эсэхээ шийдэх барилдаанд Ц.Мөнхзаяа 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Израйлийн Алисе Шлесингерийг юүко үнэлгээгээр ялсан боловч аваргын төлөөх барилдаанд дэлхийн чансааны номер найм, Хятадын Сью Лилид вазари үнэлгээгээр дийлдэж, мөнгөн медаль хүртсэн байна.
Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир эхний тойрогт Ганын жүдоч Эммануэль Нартейг вазаритай тэнцэх торгуулиар ялсан. Баруун Африкийн улсын энэ бөх Их Британид бэлтгэл сургуулилалтаа базаадаг гэх агаад жүдо бөхийн хөгжлөөр дэлхийд дээгүүр орох улсад хичээллэдгийнхээ ачаар барилдааны ур чадвар чамгүй ахисан нь анзаарагдаж байв. Манай бөхийн дараагийн учраа нь энэ жил ӨАБНУ-ын Кейп Таун хотноо зохиогдсон залуучуудын ДАШТ-ий алтан медальт, Японы Шохэй Оно. Түүнийг С.Ням-Очир 4 минут 2 секундэд цэвэр буулгасан. Ийнхүү наймд үлдсэн тэрээр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Францын Бенжамин Дарбельег 2 минут 36 секундэд иппон үнэлгээгээр ялснаар медалийн болзол хангасан юм. Энэ хоёр бөх өнгөрсөн жил энэ тэмцээний яг энэ даваанд таарахад Б.Дарбелье ялж байв. Гэхдээ манай тамирчин тухайн үед ДАШТ-д оролцохдоо авсан бэртлээ эдгээгээд бараг бэлтгэлгүй шахам барилдаж, тийнхүү 5-р байрт шалгарсан. С.Ням-Очир хагас шигшээд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, БНСУ-ын Ван Ки-Чуньтай өрсөлдөж, юүко үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн өнөөдөр зодоглосон Монголын бусад тамирчдын тухайд 73 кг-д Г.Одбаяр эхний тойрогт Хятадын Жиа Итаог 3 минут 27 секундэд, дараагийн даваанд Бразилийн Бруно Мендонса (73 кг-д 14-рт эрэмбэлэгдэж буй)-г 4 минут 35 секундэд тус тус цэвэр ялаад наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Японы Такэнори Накамүрад юүко үнэлгээгээр хожигдов. Харин 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар ДАШТ-ий хошой хүрэл медальт, Их Британийн Еван Бартон (№11)-д юүко үнэлгээгээр ялагдсан бол Г.Түвшинжаргал Австралийн Брент Айверсоныг эхний даваанд бүх үнэлгээг авч сөхрүүлээд Европын аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Сиражудин Магомедовт 2 минут 59 секундэд цэвэр дийлджээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан залуу тамирчин Ц.Наранжаргал Германы Ильяна Марзок (№19)-т цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Маргааш буюу тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд болно.