Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир нар медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир нар медалийн болзол хангалаа

Өмнөд хөршийн Чиндао хотноо үргэлжилж буй жүдо бөхийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр манай зургаан тамирчин барилдсанаас хоёр нь медалийн болзол хангалаа. Эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хагас шигшээд үлдээд байна. Монголын жүдо бөхийн холбооноос энэ тухай мэдээллийг ирүүллээ.

С.Ням-Очир эхний тойрогт Ганын жүдоч Эммануэль Нартейг вазаритай тэнцэх торгуулиар ялсан. Баруун Африкийн улсын энэ бөх Их Британид бэлтгэл сургуулилалтаа базаадаг гэх агаад жүдо бөхийн хөгжлөөр дэлхийд дээгүүр орох улсад хичээллэдгийнхээ ачаар барилдааны ур чадвар чамгүй ахисан нь анзаарагдаж байв. Манай бөхийн дараагийн учраа нь энэ жил ӨАБНУ-ын Кейп Таун хотноо зохиогдсон залуучуудын ДАШТ-ий алтан медальт, Японы Шохэй Оно. Түүнийг С.Ням-Очир 4 минут 2 секундэд цэвэр буулгасан. Ийнхүү наймд үлдсэн тэрээр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Францын Бенжамин Дарбельег 2 минут 36 секундэд иппон үнэлгээгээр ялснаар медалийн болзол хангасан юм. Энэ хоёр бөх өнгөрсөн жил энэ тэмцээний яг энэ даваанд таарахад Б.Дарбелье ялж байв. Гэхдээ манай тамирчин тухайн үед ДАШТ-д оролцохдоо авсан бэртлээ эдгээгээд бараг бэлтгэлгүй шахам барилдаж, тийнхүү 5-р байрт шалгарсан. С.Ням-Очир хагас шигшээд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, БНСУ-ын Ван Ки-Чуньтай өрсөлдөнө.

Энэ жинд зодоглосон манай нөгөө бөх Г.Одбаяр эхний тойрогт Хятадын Жиа Итаог 3 минут 27 секундэд, дараагийн даваанд Бразилийн Бруно Мендонса (73 кг-д 14-рт эрэмбэлэгдэж буй)-г 4 минут 35 секундэд тус тус цэвэр ялаад наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Японы Такэнори Накамүрад юүко үнэлгээгээр хожигдов. Япон жүдоч дараагийн тойрогт ОХУ-ын Мурат Козоковыг ялж медалийн болзол хангасан бөгөөд АНУ-ын Майкл Элдредтэй хагас шигшээд барилдана.

81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар ДАШТ-ий хошой хүрэл медальт, Их Британийн Еван Бартон (№11)-д юүко үнэлгээгээр ялагдсан бол Г.Түвшинжаргал Австралийн Брент Айверсоныг эхний даваанд бүх үнэлгээг авч сөхрүүлээд Европын аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Сиражудин Магомедовт 2 минут 59 секундэд цэвэр дийлдэв.

63 кг-д хүч үзсэн Ц.Мөнхзаяа (№10) Кыргызстаны Бубусаира Абдилманап Кызыг 1 минут 38 секундэд цэвэр, Италийн Эдвиг Гвенд (№18)-ийг юүко үнэлгээгээр ялж наймд үлдээд сар орчмын өмнө Амстердамын Гранпригийн хагас шигшээд хантэйгаар хожигдож байсан олимп, ДАШТ-ий медальт, Голландын Элизабет Виллебоордсе (№5)-г мөн юүкогоор илүүрхэн медалийн болзол хангасан. Медалийн өнгөө хувиргах эсэхээ шийдэх барилдаанд Ц.Мөнхзаяа 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Израилийн Алисе Шлесингер (№6)-тэй өрсөлдөх бол хагас шигшээгийн нөгөө талд Голландын Аника ван Эмден, Хятадын Шү Лили нар шалгаран үлдээд байна.

70 кг-д барилдсан залуу тамирчин Ц.Наранжаргал маань Германы Ильяна Марзок (№19)-т цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Хагас шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 16.00-д эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж