М.Бундмаа Чиндаогийн гран-прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

М.Бундмаа Чиндаогийн гран-прид түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны хамгийн сүүлийн тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо өнөөдөр эхэллээ. Түрүүлсэн бөхөд чансааны 200 оноо олгох гран-при тэмцээнд дэлхийн 61 орны 400 гаруй тамирчин өрсөлдөж байна. Харин Монголын баг тамирчдын тухайд эрэгтэй долоон жинд 13, эмэгтэй таван жинд долоо, нийт 20 тамирчнаа сойж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, манай есөн жүдоч зодоглосноос дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа аваргын алтан медаль хүртлээ. Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдээд буй М.Бундмаа Румыны Андреа Читуг цэвэр, дараа нь Туркийн Айнур Саматыг юүко үнэлгээгээр, Хятадын жүдоч Хө Хунмейг вазари үнэлгээгээр ялж, аваргын төлөөх барилдаанд БНАСАУ-ын жүдоч Ань Кум-Эг цаг дуусахын өмнө цэвэр ялсан байна. Тэрбээр ийнхүү чансааны оноогоо 200-гаар ахиулах боломжтой боллоо.

Чиндаогийн гран-при тэмцээний эхний өдөр барилдсан Монголын бусад тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар эхний барилдаандаа ялагдсан бол Ч.Болдбаатар Венесуэлийн тамирчныг ялаад, Хятадын бөхөд ялагдсан байна. Харин 66 кг-ын жинд Б.Хишигбаяр эхний тойрогт ОХУ-ын алдарт бөх Алим Гадановт дийлдсэн бол С.Мияарагчаа Израйлийн бөхийг ялсан ч дараагийн барилдаандаа Францын бөх Дмитрий Драгинд ялагджээ.

Эмэгтэйчүүдийн тухайд 48 кг-ын жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы бөх Тода Мирид ялагдсан бол мөн энэ жинд зодоглосон Г.Отгонцэцэг эхний барилдаандаа ОХУ-ын бөхөд дийлдсэнээр тэмцээнийг орхижээ. Харин 57 кг-ын жинд Т.Баттөгс хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр хэсгийн барилдаанд ОХУ, Францын тамирчдыг ялсан ч медалийн төлөө Хятадын жүдочтой барилдаж, ялагджээ. Мөн энэ жинд хүч үзсэн Д.Сумъяа Франц, Шведийн бөхийг ялж, БНСУ-ын жүдоч Ким Жан Дид ялагдсанаар тэмцээнийг орхилоо.

Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар /66 кг/, залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Д.Төмөрхүлэг /60 кг/ нар Японы Токио хотноо болсон “Их дуулга”-ын тэмцээнд зодоглоод шууд эх орондоо ирсэн юм. Тэд ирэх оны нэгдүгээр сард болох чансаа өндөр “World Masters”-ын бэлтгэлээ базаахаар Чиндаогийн гран-приг өнжих шийдвэр гаргажээ. “World Masters”-т жин, жингийн шилдэг 16 бөх зодоглох бөгөөд түрүүлсэн бөх чансааны 400 оноо авах билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж