Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хариултаас үзвэл 2008 онд сайд болж байсан үетэй нь одоог харьцуулбал салбарынх нь хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Тодруулбал, 2008 онд 200 орчим тэрбум төгрөг байсан бол 2011 онд 300 тэрбум төгрөгөөр тогтоож байсан. Ирэх оны сайдын багцыг 480 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнээс 67 тэрбум нь шинээр барьж буй барилгын зардалд зарцуулагдана. Тоног төхөөрөмжийн зардалд 5.5 тэрбум нь, үлдэж байгаа нь урсгал зардалд зарцуулагдах ажээ. Тоног төхөөрөмжийг шинэчлэх хүрээнд хийж байгаа дээрх хөрөнгийн хэмжээ хэдийгээр бага боловч өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад чамлаж болохгүй. Нөгөөтэйгүүр, дэлхийн стандартад нийцсэн, гадаадад өндөр өртгөөр хийж байгаа оношлогоо, эмчилгээг дотооддоо хийдэг болохын тулд БНСУ-ын зээлээр нэгдсэн II клиник эмнэлгийг цогцолбор болгохоор ажиллаж эхэлжээ. байгаа. Тус эмнэлэг цогцолбор болсон цагт дэлхийн брэнд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эмч нарыг гадаадад сургаж бэлтгэх учраас удахгүй гадагшаа явж эмчлүүлэгчдийн урсгал татарна гэж хэлж байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөж байгаа. Түүнд мөн өндөр технологи авчирч суурилуулна. Ингэснээр хавдрыг оношилж, эмчилхэд одоогийнхоос дэвшил гарна гэж үзэж байна. Нийт таван төрлийн тоног төхөөрөмжийг Австри улсаас авахаар болж зээлийн хэлэлцээр хийгдэж байгаа юм.
Түүнчлэн гишүүд бусад клиник эмнэлгүүдийн үйлчилгээг сайжруулахад хэрхэн анхаарч буйг сонирхсон юм. Учир нь иргэд даатгалтай хэрнээ улсын эмнэлэгт очих ч санасан хэмжээндээ үйлчилгээ авч чаддаггүй. Улсын эмнэлгийн эмч “Чи тэр эмнэлэгт очиж шинжилгээ өг, үзүүл” гэдэг. Зааж өгсөн эмнэлэг нь хувийнх, тэр тусмаа өөрсдийнх нь байх нь олонтаа. Нэг үгээр хэлбэл, эмч нар улсын эмнэлэгт ажиллаж, хувийнхаа эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсээ татдаг. Энэ нь бүр ашиг орлогыг нь нэмэгдүүлэх бизнес болоод хувирчихсан. Дээр нь баахан нааш цааш явуулна. Ингэж явсаар байгаад өвчтөний өвчин хүндэрдэг. Эцэст нь үйлчлүүлэгч хоног хугацаа алдсан хойноо эмнэлэгт хандсан болж хувирдаг тогтолцоог өөрчлөхийн тулд системтэй ямар өөрчлөлт хийх гээд байгаад хариулт шаардсан юм. Ямар ч байсан хувийн эмнэлэгтэй хүнийг улсын эмнэлгийн даргаар томилдог байсныг өөрчилж, ийм нөхцөлд албан тушаалд тавихгүй байх шийдвэрийг салбарын яамнаас нь гаргажээ. Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор хэд, хэдэн эмнэлгийн дарга нарыг өөрчилсөн. Харин том дарга нараас доошхи эмч нарын тухайд аливаа шийдвэр гаргаагүй. Энэ нь ажиллах хүчингүй болох талтай гэж үзсэн. Харин улсын эмнэлгүүдийн үйлчилгээг сайжруулахын тулд техник технолгийг нь сайжруулах нь чухал. Үүнд харин нэгдсэн төсвөөс олгодог хөрөнгө хаанаа ч хүрэлцдэггүй. Тиймээс нэлээд цаг хугацаа шаардах ажлын нэг болж байгаа. Гэлээ гэхдээ улсын эмнэлгийн ачааллыг багасгах, чанар хүртээмжийг нь сайжруулахын тулд хувийн эмнэлгүүдийг үүнд идэвхитэй татан оролцуулах зорилгоор зарим нэг томоохон шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, даатгалын төлбөр болгож улсын эмнэлгүүдэд нэг өвчтөнөөр тооцон 230 мянган төгрөг, хувийн эмнэлгүүд 30 мянган төгрөг олгодог байсныг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлжээ. Гэхдээ хувийн эмнэлгүүдэд энэхүү даатгалын мөнгийг олгохдоо ортой эмнэлгүүдийг хамруулна. Мөн магадлан итгэмжлэлд орж тэнцсэн нөхцөлд олгож байхаар шийдвэрлэжээ. Эл шийдвэр зарчмын томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Ортой эмнэлгүүд гэж онцолсон нь одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлгүүдийн дийлэнх нь зөвхөн онош тавьдаг. Өөрөөр хэлбэл, эмчлэх үйлчилгээ нь байдаггүй. Энэ нь нэг талдаа өвчнөөр мөнгө олох арга хэрэгсэл нь болж хувирч, нөгөө талдаа улсын эмнэлгүүдээр эмчлүүлэгчдийн тоог эрс ихэсгэсэн юм байна. Тиймээс эмнэлэг нь оношилдог байгаад зогсохгүй өвчтөнөө эмчилдэг болох нь хаа хаанаа хэрэгтэй гэж үзэж дээрх зарчмын томоохон шийдвэрийг гаргажээ.
Ийнхүү эрүүл мэндийн салбартай холбогдох Засгийн газрын цаг өндөрлөсөн юм.