“Бага орлоготой өрхийг дэмжихэд анхаарна”

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Бага орлоготой өрхийг дэмжихэд анхаарна”

“2011 онд 72 мянга гаруй хүн шинээр
байнгын ажлын байртай болж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын
зорилт тоо, чанарын хувьд амжилттай биелсэн бүтээлч он байлаа. Энэ
жилийн гараа ирэх жилүүдэд улам эрчимжиж, бага орлоготой өрхийг дэмжих
ажлыг тууштай хэрэгжүүлэх болно” гэж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын
Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Энэ тоог Үндэсний статистикийн хороо,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, бусад байгууллагын судалгаа ч
баталж байна.

“72 мянга гаруй хүн ажилтай болсноор
тухайн хувь хүн, өрхийн амьжиргаа, орлогод эерэг нөлөө үзүүлж, энэ
хэмжээгээр ахуй амьдрал ч дээшилсэн нь лавтай. Цаашид ч шинээр ажлын
байртай болох хүний тоо улам нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо байна.
Бид энэ амжилтаа бататган улмаар ахиулж, ажилгүйдэл, ядуурлыг бүрмөсөн
арилгахын төлөө хамтдаа зүтгэе” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
хэлэв. Тэрээр мөн ажилгүйдэл, ядуурлыг арилгахын тулд төр, засгаас гадна
иргэд өөрсдөө идэвх, санаачлагатай байж, Хөдөлмөрийн биржэд бүртгүүлэх,
сургалтад хамрагдах замаар ажилтай болж, амьдралаа өөд нь татахын төлөө
хичээх хэрэгтэй гэлээ. Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих жил”-ийн ажлын хаалтын нэгдсэн арга хэмжээ 2011 оны 12 дугаар
сарын 16-ны өдөр болох үеэр Ерөнхий сайд ингэж хэлсэн байна.  Тэрээр мөн
жилийн ажлын хүрээнд төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний
талаар товч танилцууллаа.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлснээс үзвэл Засгийн газар хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах эрх зүйн орчинг шинэчлэн,
хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтын эх үүсвэр, шинэ дэмжлэг бий
болгож, ажил хийж ахуй амьдралаа дээшлүүлье гэсэн иргэд, өрхийг дэмжин,
ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг арга хэмжээ
авчээ. Энэ бүхэн нь цаашдаа урт хугацаанд, тогтвортой үр өгөөжөө өгөх
бодлогын суурь өөрчлөлт болж байна. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ
“Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
идэвхтэй бодлого явуулахад чиглэгдэж ирлээ. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэе
гэсэн иргэн бүрээ дэмжих, орлогогүй байгаа өрх бүрт хүрэх, зорилтот
бүлгийн иргэд хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, залуучуудад
хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай, эрэлттэй мэргэшил, ур чадвар
эзэмшүүлэх замаар ажлын байртай болгох, эдгээрийг шийдвэрлэхэд төрийн
бүх шатны байгууллага, хувийн хэвшил болон иргэдийн хүлээх, гүйцэтгэх
үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгосон шинэ эрх зүй, санхүүгийн
орчинг бүрдүүлсэн нь энэ жилийн ажлын гол үр дүнгийн нэг” гэж онцлон
тэмдэглэлээ.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгохын тулд төр,
хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний
хороо, 5 дэд хороо байгуулан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний
хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллажээ.  Үндэсний хорооны батласан 5
бүлэг, 54 заалт бүхий төлөвлөгөөний биелэлт 92 хувьтай гэсэн судалгаа
гараад байна.  Үндэсний хорооны хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга,
хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад
харилцааны яам, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Архангай аймаг болон зарим
агентлаг, барилга, хүнсчид, арьс шир, ноос ноолуурын мэргэжлийн
холбоодын санал хүсэлт, тайланг сонсон холбогдох шийдвэрийг тухай бүр нь
гаргаж ажилласан байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын
хүрээнд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэг, хөдөлмөрийн
зах зээлийн мэдээллийн системийг сайжруулах, жилийн ажлыг сурталчлах,
иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалт явуулах зэрэг багц асуудлыг
шийдвэрлэхийг зорьжээ. Засгийн газар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх
зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөө аж ахуйн гаралтай
бараа, түүхий эдийн биржийн тухай зэрэг 17 хууль, УИХ-ын 3 тогтоол
батлуулж, Засгийн газрын 2 тогтоол гаргасан байна. Түүнчлэн 100 мянган
айлын орон сууц, ноос, ноолуур, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжих
бонд гаргах, хүнсний ногоо, гурилын татварыг нэмэгдүүлэх тухай УИХ-ын
тогтоол гаргуулснаар хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчин үндсэндээ
шинэчлэгдсэн гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. 

Жилийн ажлын хүрээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь
өмнөх жилүүдэд байгаагүй их хөрөнгө юм. Засгийн газар бондын хөрөнгөөс
олгож байгаа зээлийг анх удаа 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгох
шийдвэр гаргасан. 7 хувийн хүүтэй зээлийн хүүгийн зөрүүд Засгийн газар,
Монголбанк тус бүр 3 хувийн хүүг банкуудад нэмж төлж байгаа нь хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ, ялангуяа тогтвортой ажлын
байр нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон байна. Концессын хүрээнд
хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэн баталж, иргэдийн
хоршоо, нөхөрлөл байгуулах, өрхийн болон хувиараа бизнес эрхлэх
хүмүүсийг  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжиж байхаар хуулинд
өөрчлөлт оруулжээ. Үндэсний хорооны тайлангаас үзвэл ажлын байрны
сургалт буюу дагалдан сургалтын хөтөлбөрийг барилга, хөнгөн хүнсний
үйлдвэрийн салбарт зохион байгуулж 9 мянга гаруй хүнийг хамруулсны 90
хувь нь ажлын байртай болсон байна. Цаашид зорилтот бүлгүүдэд зориулсан
тусгай хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхэд зориулж 10 тэрбум гаруй
төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
зэрэг зорилтот хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Жижиг, дунд
үйлдвэрийн салбарт энэ онд 120 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх
үүсвэрийг шийдсэн бөгөөд олгосон зээлийн үр дүн ирэх жилүүдэд бодитоор
гарах суурь нь тавигджээ.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд тавьсан гол зорилтын
нэг нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн сайжруулах
байлаа. Энэ нь ажил олгогч, ажил хайж байгаа иргэдийг хооронд нь
холбоход чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ хүрээнд ажилгүй иргэдээ дүүрэг,
хороо, сум, баг бүрчлэн гаргаснаас гадна хөдөлмөрийн зах зээлийн
мэдээллийг аж ахуйн нэгж, иргэн, байгууллага, статистикийн албад нэг
загварын маягтаар гаргадаг болсон нь мэдээлэл үнэн зөв, бодитой болох
үндэс болжээ. Цаашид мэдээллийг иргэдэд бүх хэлбэрээр түргэн шуурхай
хүргэх, ялангуяа ирэх онд техникийн боломжтой бүх сум, хороонд цахим
хэлбэрээр хүргэх зорилт тавиад байна. Аймаг, нийслэл, яамдаас ирүүлсэн
тайлангаас үзвэл “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд
хөдөлмөр эрхлэлттэй холбоотой арга хэмжээ өдөр бүр дунджаар 80-10
зохиогдож байжээ. Гэхдээ ажлын үр дүнг зохион байгуулсан арга хэмжээний
тоогоор биш, хүрсэн үр дүн, хэдэн хүнийг ажилтай болгосон, ажил хийе
гэсэн иргэдийн идэвх, оролцоогоор дүгнэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий
сайд С.Батболд жилийн ажлын нээлтийн үеэр онцлон тэмдэглэж байсан.

Энэ талаас нь харвал сард 6 мянга гаруй хүн шинэ ажлын байртай болж,
ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо өссөн нь эерэг үзүүлэлт. Нөгөө
талаас хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо буурч байвал бидний авч
хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн хэрэг гэж тэрээр үзэж байна.
Иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалтын талаар ч Ерөнхий сайд
С.Батболд мэдээлэлдээ дурдлаа. Түүний хэлснээс үзвэл Мэргэжлийн сургалт,
үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагсдын дотор насанд хүрэгчдийн эзлэх
хувь 25.7 хувиар нэмэгдэж 16692 буюу 34.6 хувиар өссөн байна. Үүнтэй
холбогдуулан суудлын тоог 3500-гаар нэмэгдүүлэх, сургалтын орчныг
сайжруулах, бэхжүүлэхэд улсын төсөв, төсөл, хөтөлбөрөөс 12.1 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх,
ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах зорилтын хүрээнд
2010-2011 оны хичээлийн жилд 23 мэргэжлээр уул уурхай, барилга, аж
үйлдвэр, хөдөө аж ахжйн салбарт 3 мянга гаруй хүн төгсөж байна.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажил энэ жилээр дуусахгүй, ирэх
жилүүдэд улам эрчимжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. 
Цаашид аймаг, орон нутгын удирдлагууд ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн
баталж, хэрэгжүүлэх, мэдээллийн санд тулгуурлан ажилгүй хүн бүрт хүрч
ажиллах, ажилд орсон иргэдийн мэдээг долоо хоног, сараар Нийгмийн
хамгаалал, хөдөмөрийн яаманд ирүүлж байх, шинээр бий болсон ажлын
байранд ажилгүй хэн гэдэг хүнийг ажиллуулахаа хүн нэг бүрээр тооцох,
орон нутгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэдийн
оролцоог татан оролцуулах зэргийг бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

АМЖИЛТ ГАРГАСАН АЙМАГ, НИЙСЛЭЛ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сайн зохион байгуулж, бодит
үр дүнд хүрсэн аймаг, нийслэл, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудыг
шагнаж урамшууллаа. Үндэсний хорооны дүгнэлтээр нийслэл Улаанбаатар,
Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг жилийн ажлыг сайн зохион байгуулж
бусдыгаа тэргүүлсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
Нийгмийн хамгааллын яам үр дүнтэй ажилласан байна. Түүнчлэн нийслэлийн
Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн
Түвшинширээ, Багхангай дүүргийн 16 дугаар хороо, Налайх дүүргийн 2
дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн
Матад сумын Түмэнхан баг илүү санаачлагатай ажиллан, иргэддээ хүрсэн
олон ажил хийснээрээ улсдаа шалгарлаа.  Хувийн хэвшлийнхнээс хамгийн
олон ажлын байр бий болгосон байгууллагаар “Эм Си Эс” групп, “Энержи
ресурс”, “Алтайн хүдэр” компани, “Макс” групп, “Монгол алт” корпораци,
“Блю скай”, “Говь”, “Тедмент”, “Эсмо” компани, Хадгаламж банк тодорлоо.
Сайн ажиллаж, бусдыгаа хошуучилсан аймаг, нийслэл, хувийн хэвшлийнхэнд
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний
хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шагналыг нь гардуулж
баяр хүргэсэн байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж