Бразилийн Сангийн яамны сайд Гуидо Мантега Financial Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Дэлхийн тэргүүлэх орнуудын хооронд байнга гарч байдаг ч үр нөлөө нь өнгөрсөн жилээс эхлэн тод мэдэгдэж эхэлсэн "валютын дайн" энэ жилээс эхлэн олон улсын худалдааны дайн болж өргөжинө" гэж өгүүлжээ. Бразил нь дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш чангарснаас болж хамгийн их хохирол амсч байгаа улсын нэг юм.
Тус улсын мөнгөн тэмдэгт реалын ам.доллартай харьцах ханш сүүлийн найман жилд хоёр дахин чангарсан ч гадаад худалдаанаас олох орлого найман жил дараалан буурч, өнгөрсөн онд хамгийн доод үзүүлэлтдээ хүрсэн юм. Г.Мантегагийн хэлснээр, дэлхийн улс орнууд валютын дайныг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн аж. Энэ нь гадаад худалдаанаас олох ашгаа нэмэгдүүлэх гэж мөнгөний ханшаа сулруулах замаар илэрч байгаа гэнэ.
АНУ 600 тэрбум ам.долларыг зах зээлд гаргах бодлого ч үүнтэй нягт холбоотой юм байна. Өнгөрсөн онд Бразилын реалаас гадна австралийн доллар, швейцарийн франкийн ханш чангарсан гэнэ. Тиймээс тус хоёр улс мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулах арга хэмжээ авч эхэлжээ. Мөн Чили, Перу улс мөнгөнийхөө ханшийг сулруулах боддого барих юм байна.
Франкийн ханш ам.долларын эсрэг чангарах болсон тул Швейцарийн эрх баригчид ханшийг нь ам.доллартай "уях" бодлого барьж байгаа билээ. Ингэснээр ам.долларын ирээдүй улам бүрхэг болох гэнэ.