Боксчид гурван алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Боксчид гурван алтан медаль хүртлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй үндэсний шигшээ багийн боксчид Казахстаны Алматы хотноо болж буй олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээний  60 кг-д жин өгсч тоглосон Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, 56 кг-д өрсөлдсөн П.Сэрдамба, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар аваргын төлөөх тоглолтод ялж, Казахстаны рингнээс алтан медаль хүртээд байна. Э.Бадар-Ууган өнөөдрийн өрсөлдөгч болох Казахстаны тамирчныг 14:10-аар ялжээ. Тэрбээр тэмцээний эхний тойрогт Казахстаны боксчныг 12:2, дараа нь Узбекистаны боксчныг 12:8 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан бол мөнгөн медалийн төлөөх тулаанд Хятадын тамирчныг 14:3 оноогоор буулган авсан юм. Харин П.Сэрдамба Казахстан, Тажикистан, Узбекистаны тамирчдыг ялсан бөгөөд өнөөдрийн тулаанд Узбекистаны боксчныг ялж, аваргалсан бол С.Эрдэнэбаяр Казахстаны хоёр тамирчныг дараалан ялж, аваргын төлөө Узбекистаны боксчныг буулган авсан байна.

Түүнчлэн тус тэмцээнд өрсөлдсөн Дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт /52 кг/, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медаль хүртсэн байгаа.

Олимпийн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нараар ахлуулсан шигшээ багийн долоон тамирчин Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр арванхоёрдугаар сарын эхээр хилийн дээс алхсан бөгөөд тэнд хоёр тэмцээнд оролцоод оны өмнөхөн эх орондоо ирэх юм. Эхний тэмцээн ийнхүү өнөөдөр өндөрлөж, гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Боксчид өнөөдөр орой Казахстаны Караганда хотыг зорьж, тус хотод арванхоёрдугаар сарын 18-нд эхлэх олон улсын тэмцээнд оролцох юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монголын төдийгүй тив, дэлхийн боксчдын хувьд "Лондон-2012" олимпийн наадмын эрх олгох ердөө ганцхан тэмцээн үлдээд буй. Ингэхдээ тив тус бүрт олимпийн эрх олгох нэг тэмцээнийг зохион байгуулна. Ази тивийн ширэн бээлийтнүүдийн хувьд олимпийн эрхийн төлөө 2012 оны гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын эхээр Казахстаны Астана хотноо өрсөлдөх юм. Олимпийн нийт 10 жингийн ангилалд Ази тивд нийтдээ 56 эрх үлдээд буй.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж