Засгийн газрын цаг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын цаг эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын
цагаар эхэллээ. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар
хотын хүн амын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээг оновчтой болгох чиглэлээр мэдээлэл хийж байна.

Тус мэдэээлэлд дурдсанаар Улаанбаатар хотын хэмжээнд 2010
онд 1.6 сая иргэн амьдарч байгаа нь 2007 оныхтой харьцуулахад 84.7 мянгаар
өссөн үзүүлэлт юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн нэгдэл
найм, амаржих газар гурав, хүүхдийн клиник эмнэлэг нэг, клиник эмнэлэг дөрөв
байгаа аж. Мөн 520 эмийн сан үйл ажиллагаа явуулдэг.  Эрүүл мэндийн салбарт 18443 эмч, эмнэлгийн
ажилтан ажиллаж буйн зэрэгцээ тус салбараар үйлчлүүлэгчдийн 53 хувь өрхийн
эмнэлгээр, 27 хувь нь төрөлжсөн эмнэлгүүдээр, үлдсэн нь бусад эмнэлгээр
үйлчлүүлдэг байна. Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын тоо өсч буйтай
холбоотойгоор Түргэн тусламжийн ачаалал эрс нэмэгджээ, тодруулбал 2007 оныхоос
2010 оны дуудлагыг харьцуулж үзэхэд 35.2 хувиар өссөн байна.

Нийслэлийн хүн амын дундах өвчлөлийг судалгаагаар
гаргахад зүрх судасны өвчлөл, хорт хавдар, ходоодны өвчин зонхилох хувийг эзэлж
байгаа аж. Энэ нь дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын дунд
бодитой арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж