Лэндон Донован “Гудисон парк”-т дахин зээлээр ирлээ. MLS-ын цомын тэмцээнд хожлын гоол хийж, “ЛА Галакси” багт гурав дахь цомыг нь авчирсан тэрбээр одоо “Эвертон” багт туслахад бэлэн болжээ. Энэ улирлын хувьд тэрбээр “Галакси”-гийн өмнөөс 34 тоглолтод оролцож, 16 гоол оруулсан. Мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа Бундеслигийн “Байер Леверкузен” багаас эхлүүлж байсан, 29 настай довтлогч, Сан Хосе, ЛА-ын багуудыг дамжсан. Энэ хугацаандаа “Байерн Мюнхен”, “Эвертон” багуудад зээлээр тоглож байлаа. Харин MLS-ийн улирал дууссан үед дахин Премьер лигийн өрсөлдөөнд орж, “Эвертон”-ы төлөө тоглоно. “Эвертон” энэ улиралд 14 тойргийн дараа хүснэгтийн 12 дугаар байрт, ердөө 15 гоол оруулсан амжилттай бичигдэж байна. Урд шугамдаа гоол хийх хүнгүй болсон Дэвид Мойсын багт түүний тусламж ус, агаар мэт хэрэгтэй байгаа юм. Донован нэгдүгээр сарын 4-нд “Болтон”-ы эсрэг хийх тоглолтод оролцоход бэлэн байх бөгөөд хоёрдугаар сарын 25-нд Мерсисайдын дерби, “Ливерпуль”ийн эсрэг тулаанд оролцоод Америк руу буцахаар болжээ. Харин хоёрдугаар сарын 26-нд КОНКАКАФ-ын Аваргуудын лигийн тоглолтод шууд оролцох шахуу хуваарьтай болж байна.
Score Studio