Цалин нэмэх шаардлагын талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх шаардлагын талаар хэлэлцэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МҮЭХ, салбарын зарим холбооноос төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Засгийн газраас баримтлах чиглэлийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн  3.1 дэх заалтын дагуу нийгмийн түншлэлийн 3 тал буюу Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэхээр боллоо. Мөн МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэх явцад УИХ-аас баталсан 2012 оны улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь хэмжээ, хугацааг чиглэл болгохыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвлөмж болголоо.

Гурван талт хэлэлцээрийн 3.1-д “Санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд төсвийг оновчтой хуваарилах, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нийгмийн зөвшлийн гурван тал хамтран боловсруулж УИХ-д санал тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг юм байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нэмэгдүүлэх талаарх нийгмийн түншлэлийн талуудын байр суурь, зөвшилцлийг Засгийн газар 2012 оны улсын төсвийн төсөлд тусгасан.

Харин УИХ-аар төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь, хэмжээг 3 талын зөвшилцөлд заасан хэмжээнд хэвээр үлдээж, нэмэгдүүлэх хугацааг 4,10 дугаар сар болгон хойшлуулсан. Энэ асуудалтай холбогдуулан МҮЭ-ийн байгууллагаас “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс, мөн оны сар шинийн баярын өмнө харилцан зөвшилцсөн хувь хэмжээгээр тус тус нэмэгдүүлэх асуудлыг 2012 оны төсөвт тусгаж шийдвэрлэх” асуудлыг Засгийн газарт шаардлага болгон тавьж, ажил хаялт зохион байгуулаад байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж