Ноос ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ноос ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргах ёстой гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-аас өнгөрсөн зун үндэсний үйлдвэрүүдээ, мөн малчдыг дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргах УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Тогтоолын хүрээнд хонь, тэмээний нэгдүгээр зэргийн ноосонд кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж үүнд 50 тэрбумыг зарцуулахаар болсон.  Энэ хүрээнд 32900 малчин өрх ноосоо үндэсний үйлдвэрүүддээ тушаасан мэдээтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ нь 10 дахин өссөн үзүүлэлт аж. Тодруулж хэлбэл, Монгол Улс жилдээ 20000 тонн ноос авдаг, үүний 14 мянган тонн нь үндэсний үйлдвэрүүдэд очжээ. Мөн анхан шатны боловсруулалт хийн 6740 тонн ноосыг экспортод гаргасан байна. Үлдсэн зарим ноос нь ченжүүдийн гарт очсон бол зарим хэсэг нь нэгдүгээр зэрэглэлийнх биш гэдгээр малчдын гарт байгаа аж. Тиймээс ноосыг зэрэглэхгүйгээр малчдаас авдаг байхын тулд дээрх тогтоолд өөрчлөлт оруулахаар болсон нь энэ аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Хонь, тэмээний ноосонд жил бүр улсаас хөрөнгө гаргаад байх боломжгүй. Цаашид Монгол Улс ноос, ноолуураа дэлхийн бренд болгох ёстой. Ингэсэн цагт дэлхий дахинд Монголын ноос, ноолуур танигдаж тэр хэрээр гадаад валют босгох боломжтой болно. Тэгэхгүй бол дотоодын зах зээл жижиг. Жижиг зах зээлтэйгээсээ болоод ноос, ноолуурын үйлдвэрүүд баахан юм үйлдвэрлэчихдэг, тэр нь борлогддоггүй, хэн ч худалдаж авдаггүй хивс, ноолууран хувцастай болбол яах вэ. Эцэстээ үйлдвэрүүд авсан зээлээ улсад төлж чадахгүй дампуурлаа зарлах юм руу явна.

Газар тариалангийн салбарыг дэмжих хүрээнд төрөөс өнгөрсөн дөрвөн жилийн турш тууштай тэмцсэн. Үр дүн нь гарч газар тариалангийн салбар хөл дээрээ боссон. Гэвч хураасан их буудайгаа дотооддоо шингээх боломжгүйд хүрсэн. Яг ийм нөхцөл байдал ноос, ноолуурын салбарт тулгарч болзошгүй тул төрөөс дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад хөрөнгө хаях хэрэгтэй гэлээ.

Дээрх саналтай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай санал нэг байгаагаа хэллээ. Мөн энэ талын ажлууд эхэлсэн болохыг ч онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дондог орон нутагт ажиллахад малчид ноосоо тушаагаад кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал авах юм байна гэдгээ мэдэхгүй байсан. Мэдээлэлгүйгээсээ болоод ноосоо ченжид өгчихдөг, ченжид тушаачихаар урамшуулал авах боломжгүй гээд нэлээд бэрхшээл гарсан. Энэ ажил юунаас болж цалгардсанд хариулт өгөхийг хүсэв. Салбарын сайдын хариултаар бол хаа, хаанаа ойлголцож чадаагүйтэй холбоотой аж.

Ийнхүү ноосонд өгөх урамшуулалтай холбоотойгоор зэрэглэл тогтоохгүй байх тухай Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжиж “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж