“Гоёл-2012” наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Гоёл-2012” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын загварын ертөнцийн ирэх жилийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг загвар зохион бүтээгч, топ моделийг нэрлэдэг “Гоёл-2012” наадам өчигдөр СТӨ-нд ёслол төгөлдөр болж,  шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил Гоёл наадам загварын долоо хоногийг үзүүлж, дэлгэрэнгүй нэвтрүүлэг нь “Fashion TV”-ээр сарын хугацаанд цацагдах гэж буйгаараа онцлог болсон билээ.  Нийт нийт 20 гаруй аж ахуй нэгж болон чөлөөт загвар зохион бүтээгчид өөрсдийн загвараа дэлгэснийг дан мэргэжлийн моделиуд толилуулсан юм. 

Гоёл наадмын гала тоглолт “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа, “Бөртэ чонын үрс” хамтлагтай хамтран үндэсний урлагийг орчин үеийн хэмнэлтэй хослуулсан тайзны дэглэлттэй уран бүтээлээ сонирхуулсанаар эхэлсэн юм. Түүний дараа “Говь” ХК-ийн дизайнерууд өдөр тутмын ба гоёлын загваруудаа толилуулсан нь Б.Нямсүрэн, Н.Батцэцэг нарын “Secret woman”, “Хувьсал”, “Personage”, “Диваажингийн шувуу” коллекцын эмэгтэй, эрэгтэй загварууд байлаа. Дараа нь “Дархан Минж” ХХК-ийн загварууд гарсан бөгөөд эдгээр нь үслэг эдлэлээр өвөл цагийн гоёлыг дэлгэлээ. Энэ нь хормойн чимэглэл хээнцэр бөгөөд урт богино загварууд хосолсон байсан.  Үүнээс харахад өвлийн үслэг загварууд бол заавал нүсэр том байх албагүй дулаан байхын сацуу ганган харагдаж болох нь.

“Гоёл-2012” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоогоор шалгарсан “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо энэ үеэр өдөр тутмын, гоёлын, үндэсний хувцасны  эрэгтэй, эмэгтэй загварыг толилуулсан бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөрсдийн онцлогтой байв. Дууныхаа хэмнэлтэй найран зохицсон гэлтэй хурц, хурц өнцгүүдийн шийдэлтэй загварууд нь гялгар тольгор, энгийн эгэл, эерэг сөргийн таталцал мэт гэж наадмыг үзэн суусан хүмүүс ярьцгааж байсан юм. Хувцас загварын чиг хандлагыг тольдон суухаас гадна циркийн үзүүлбэрийн гайхамшгийг өнгөрсөн үдшээр харж гайхах боломжтой байв. Түүний дараа загварууд үргэлжлэн тайзнаа гарч түүн дунд “Axiom esthesia team”-ийн Б.Цогтгэрэл, Б.Батсүх дизайнерууд гялтгасан өдөр тутмын ба гоёлын  загвараа сонирхуулахад сансрын нисгэгчийн хувцас гэлтэй цагаан өнгөн дээр суурилж, оч үсрүүлсэн загвар нүдэнд тусав. Мөн энэ үеэр хүүхдийн коллекц шигтгээ болон гарч байсан нь хуран цугласан хүмүүсийн анхаарлыг топ модель, орчин үеийн загваруудыг сонжин буйтай адил сонирхлыг татаж байсан юм. “Nobby” салоны загварууд бяцхан үрст зориулсан  загваруудыг дэлгэсэн ба хүүхдүүд яг л том хүн шиг алхаж гишгэж, зогсолт авч сонирхуулж байсан. “Тэд тайзан дээр аль талаааа илүү хөөрхөн харагдах нь гэдгийг тунгаасан мэт эгдүү хүрэм” хэмээн хүмүүс мөн ярилцах.

Харин гадаад улсаас буюу манай урд болон хойд хөршөөс ирж оролцсон дизайнеруудын бүтээлийг ажвал монгол үндэсний загварыг орчин үеийн хэв маягтай хослуулсан, эсвэл эрт үеийн домогт гардаг хаан хатдын гэлтэй хувцаснууд дийлэнх байсан. Наадмын үеэр олны харааг хамгийн их булаасан загвар бол дизайнер н.Ундраагийн “Recall” нэртэй өдөр тутмын коллекц байсан ба тэр дундаа 70,80-аад оны хэв маягийг хадгалсан чамин хэрнээ өвөрмөц, хормойн шийдэл нь дэрвэгэр, бариу аль алиныг хослуулсан загварууд байв. Наадамд оролцсон загварууд төрөл бүрийнх байсан ба гоёлын дотуур хувцасны, спорт загваруудыг “Гурван билэг” ХХК гаргасан юм. Наадмын олны хараанд мөн байсан загваруудыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнерууд болох Х.Баятзаяа, Д.Батжаргал, Ц.Уянга, И.Урангоо, Д.Өнөболор нар зохион бүтээжээ. Эдгээр нь үндэсний, өдөр тутмын, загварууд ба “коктейль дресс” буюу гоёмсог  платьнуудыг хүмүүс ихээр сонирхож байсан нь шинэ жилийн гоёлоо сонгож амжаагүй бүсгүйчүүд ажин суугаагийнх байв. Загварын шоу наадмыг үзэхээр зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг, “Hit”-ийн гэдгээр нь андахгүй н.Давааням зэрэг ирсэн олны танил алдартай хүмүүс хүрэлцэн ирсэн. “Гоёл-2012” гоёмсог байхын үндэс. Гоёлоос төрсөн гоёл Монголын үзэсгэлэн” гэсэн үгээр наадмын үйл ажиллагаа дууссан юм.  Ингээд “Гоёл-2012” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Керасис” брендийн нэрэмжит шагналт загвар өмсөгч:

1.Азийн топ моделийн 2010 оны шилдэг аравын нэг  “Шилмэл загвар” агентлагийн  загвар өмсөгч Т.Батцэцэг

2. Энэ жил Хятад улсад болсон Олон улсын тэмцээний Азийн топ, “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Туяамаа

3. Өвөр Монголын Ордос хотод болсон “Монгол туургатны гоо бүсгүй, гоо залуу” шалгаруулах тэмцээний топ модель, “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О.Ариунзул

Загвар зохион бүтээгч:

“Шилмэл загвар” ордны дизайнер Ц.Уянга

Fashion TV-ийн сертификат:

  1. Шилмэл загвар аентлагийн загвар өмсөгч, Азийн топ модель Б.Номин-Эрдэнэ
  2. “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчооны дизайнер Б.Энх-Оч

“Гоёл-2012” наадмын тусгай шагнал:

  1. Дархан Минж ХХК

“Гоёл-2012” наадмын тусгай байр:

  1. Гурван билэг ХХК-ийн дизайнер Б.Отгонжаргал

“Гоёл-2012” наадмын шилдэг залуу дизайнер:

  1. “Axiom esthesia team”-ийн дизайнер Б.Батсүх, Б.Цогтгэрэл

Шилдэг дизайнер /уран сэтгэмжийн төрлөөр/

  1. Говь ХК-ийн дизайнер Н.Батцэцэг

Шилдэг дизайнер /үндэсний хувцас/

  1. “Шилмэл загвар” загварын товчооны дизайнер Д.Өнөболор, Х.Батзаяа


Шилдэг дизайнер /спорт загвар/

  1. Дизайнер Д.Овдогмид

Шилдэг дизайнер /өдөр тутмын загвар/

  1. “Шилмэл загвар” загварын товчооны дизайнер Б.Уянга

Шилдэг загвар зохион бүтээх товчоо:

  1. Сити дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо

“Гоёл-2012” наадмын шилдэг зохион бүтээгч Гранпри шагналт: Дизайнер н.Ундраа  тодорсон бөгөөд

Шилдэг загвар өмсөгч /эрэгтэй/

  1. Загвар өмсөгч н.Мөнх-Эрдэнэ

Шилдэг загвар өмсөгч /эмэгтэй/

  1. Загвар өмсөгч Х.Уянга шалгарч,

“Гоёл-2012” наадмын топ моделиор Загвар өмсөгч Ч.Ундрах тодорлоо.

Тус наадмыг ОХУ-ын дизайнер И.Сарапулов, Лариса, “Exclusive” салоны ахлах дизайнер Л.Баясгалан, “Chic” салоны захирал Б.Лхамцэрэн, “Nomin fashion”-ийн маркетингийн албаны захирал н.Солонго, Монголын дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгальмаа, “Look” агентлагийн захирал н.Онондорж нар тус тус шүүжээ. Төгсгөлд нь “Гоёл-2012” наадмын тод моделиор тодорсон Ч.Ундрах: “Би үгээр хэлэхийн аргагүй их догдолж байна. 10 гаруй жил загвар өмссөн. Хөдөлмөрийг минь үнэлсэнд маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж