Соёлын өвийн хамгаалалтыг шалгав

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Соёлын өвийн хамгаалалтыг шалгав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдамжаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг Дархан, Баянмөнх сумдад шалгажээ.
Дархан сум түүх соёлын дурсгал, ашигт малтмалын баялаг арвин их сантай нутаг юм. Энд БСШУЯ, Соёлын өвийн төвөөс 2008 онд хийсэн түүх, соёлын үл хөдлөх өвийн тооллогоор чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар нэг, эртний хүний сууж байсан оромж агуй нэг, хадны сийлмэл зураг нэг, эртний булш 128, хиргисүүр 49, сүм хийдийн үлдэгдэл 11, хүн чулуун хөшөө нэг, дүрслэлгүй тамгатай хөшөө хоёр бүгд 194 дурсгал бүртгэгдсэн байна. Улсын  хамгаалалтанд авсан дурсгал байхгүй, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор Хоодойн булгийн дэрсний хүн чулуун хөшөөг аймгийн хамгаалалтанд байх түүх соёлын дурсгалаар бүртгэжээ. Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар түүх соёлын дурсгалыг оршин байгаа багийн хамгаалалтанд өгч иргэдэд гэрээгээр хариуцуулсан байна.

Дархан сум түүхт Боржигоны бор тал, их Чойрын нутаг тул Гачитын дацан, дээд доод Хавцалын, Зараагийн, Мандалын, Хараатын, Хүйхийн, Шавартын, Элгэнэ энгэрийн, Энгэр шандын гэх мэт олон хийдийн үлдэгдэл туурь энд байдаг. Эдгээр туурийн орчимд барилгын суурь, ул мөр, суурь чулуу, элдвийн төмөр эдлэл, гууль зэс эдлэлийн хэсэг, шавар эдлэлийн хагархай ихээр байна. Хийдийн үлдэгдэл туурь хэсгээс барилгын дөрвөлжин зассан чулууг нутгийн иргэд их хэмжээгээр авснаас болж энд тэндгүй хонхор болжээ.

Шалгалтаар БСШУЯ-наас 2008 онд хийсэн соёлын өвийн тооллогоор соёлын өвд бүртгэгдсэн сумын төвд байдаг дуган шатсан, Хоодойн булгийн хүн чулуун хөшөө үрэгдэж болзошгүй байгаа зөрчил дутагдал илрэв. Үрэгдсэн болон үрэгдэж болзошгүй соёлын өвийн талаар товч танилцуулбал,

а. Шатсан модон дуган нь сумын төвийн урд хэсэгт “Ахай бэйсийн дуган” нэртэй дуган байв. Худалдаа бэлтгэлийн ангийн агуулахаар ашиглаж байгаад 1990 онд иргэн М.Баярсайханд хувьчилжээ. БСШУЯ-наас 2008 онд хийсэн соёлын өвийн тооллогоор дотор нь хоршооны үлдэгдэл бараа ихээр байсан гэж бичигдсэн ба сүүлдээ түлээний мод, өвс зэргийн агуулах маягаар ашиглаж байжээ. Уг дуган энэ оны 6 сард шатсаныг Бор-Өндөрийн цагдаагийн газраас шалгаж Онцгой байдлын газрын галын улсын байцаагчийн “гадны нөлөөгүй” гэсэн дүгнэлтийг үндэслэн хэргийг хаасан байна.

б. Хоодойн булгийн хүн чулуун хөшөө нь сумын төвөөс баруун тийш 20-иод км-т дэрсэн дунд байдаг. Засгийн газрын тогтоолоор аймгийн хамгаалалтанд байх түүх соёлын дурсгалаар бүртгэсэн. Хөшөөг боржин чулуугаар урласан бөгөөд хөшөөний ойр орчимд эртний ямар нэг дурсгал байхгүй.  Хөшөөний толгой хугарч алга болсон, газрын хөрсөнд  хэвтээ байдалтай сул байна. Хөшөөнд эрэгтэй хүний цээжин хэсгийг зүүн гарынхаа хуруунууд дээр хундага тавьж, эрхий хуруугаараа хундагны бөөрнөөс түшиж цээжиндээ авсан, баруун гараараа зүүн ташаанд сэлэмний толгойд хүрсэн байдлаар  дүрсэлжээ. Хундага нь дэрэвгэр амсартай, цүдгэр биетэй, вааран хэлбэртэй. Сэлэм нь ерөнхийдөө махир, өргөн энтэй, баруун ташаандаа дүрсэлсэн хавтага нь дугуй булантай, хувцасны ханцуй орчимд хөндлөн зураас олныг гаргаж хээ дүрсэлсэн, хөшөөний өндөр 1,24 м, өргөн 0,47 м, зузаан 0,29 м. Хөшөөг иргэнд гэрээгээр хариуцуулсан боловч алдагдаж болзошгүй байна.

Баянмөнх  суманд эртний хүний сууж байсан оромж агуй 1, эртний булш 105, хиргисүүр 7, сүм хийдийн үлдэгдэл 1, хүн чулуун хөшөө 3, дүрслэлгүй тамгатай хөшөө 2 бүгд 119 дурсгал бүртгэгдсэн байна. Улс, аймгийн хамгаалалтанд авсан дурсгал байхгүй. Шалгалтаар тус сумын Агуйт ууланд соёлын өв үрэгдэж байгаа зөрчил илэрлээ. Агуйт уул нь сумын төвөөс баруун урд зүгт 30-аад км-т орших ба дээр үед лам нар даяанчилан суудаг байжээ. Энэ уулын ханан хадны хормойд чулуугаар өрж хаалга гаргасан жижиг агуйн үүдэн талын өндөр тавцан дээр баринтагтай болон шоголтой номнууд, жижиг бурхан, хүрд, шашир малгай, орхимж зэрэг шашны холбогдолтой эд өлгийн зүйлс байна. Үрэгдэж, тоногдсон, байгалийн нөлөөллөөр зарим нь муудсан боловч сэргээн засварлах, хэв загварыг судлах, эх төрх байдлаар нь сэргээх боломжтой юм.

Иймээс Дархан сумын Хоодойн булгийн хүн чулуун хөшөө үрэгдэж болзошгүй, Баянмөнх  сумын Агуйт ууланд байгаа шашны холбогдолтой эд өлгийн зүйлс үрэгдэж байгаа талаар дээрх сумдын Засаг дарга нарт дүгнэлт, аймгийн Засаг даргад танилцуулга хүргүүлжээ. Ялангуяа Баянмөнх сумын Агуйт ууланд байгаа шашны холбогдолтой эд өлгийн зүйлийг аймгийн комисс гарган музейд татан авах, сэргээн засварлах, Дархан сумын Хоодойн булгийн дэрсэн дунд байгаа хүн чулуун хөшөөг Соёлын өвийн тухай хуулийн заалтыг үндэслэн хамгаалалтанд авах шаардлагатай байна.

Дархан сумын Шавартайн булгийн эхэнд байх чулуун зэвсгийн үеийн бууцнаас улаан хүрэн шар, ногоон хас чулуу болон мана, гартаам зэрэг ховор чулуудаар хийсэн чулуун зэвсгийн дээж, Хүрэл, Төмөр, Хүннү, Киданы үед холбогдох ваар савны хагархай, хүрэл эдлэлийн хэсэг, хүрэл зэв зэрэг олон цаг үед холбогдох төрөл бүрийн олдвор, хийдийн тууриудын орчимд барилгын суурь, ул мөр, суурь чулуу, элдвийн төмөр эдлэл, гууль зэс эдлэлийн хэсэг, шавар эдлэлийн хагархай ихээр олдож байгаа тул хамгаалалтын бүс тогтоож, аймаг орон нутгийн хамгаалалтанд авах нь зүйтэй байгаа тулаар аймгийн МХГ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагч Ж.Уртнасан ярьж байна.

И.Байгальмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж