Боловсролын хуульд ажилчдын асуудлыг тусгахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Боловсролын хуульд ажилчдын асуудлыг тусгахыг хүсэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Боловсрол,
соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг Төрийн
ордны “Г” танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нар Монгол
Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх замаар цалинг нэгдүгээр
сарын 1-нээс эхлэн олгох боломж байгаа эсэх, мөн Боловсролын тухай
хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор зөвхөн багш нараар
хязгаарлагдахгүй арын албаныхан болсон ажилчдын асуудлыг шийдвэрлэх
хүрээнд тодорхой заалтууд тусгаж өгөхийг хүслээ. Багш нар өдөр тутамд
3.8 цаг зогсож хүүхдүүдийн дунд хичээл заадаг. Энэ нь эргээд мэргэжлээс
шалтгаалах өвчнөөр өвчлөхөд хүргэдэг. Тэгвэл цэцэрлэг, сургуулийн тогооч
нарын хувьд өдөрт 10 цаг зогсоогоороо ажилладаг байна.  Бусад ажилчдын
хувьд мөн адил 10-12 цаг ажилладаг. Тиймээс тэдний асуудлыг шийдвэрлэх
тэр дундаа багш нарын нэгэн адил таван жил тутамд зургаан сарын цалинтай
тэнцэх хэмжээний урамшуулал олгодог болох талд анхаарал тавих хэрэгтэй
байна гэсэн юм. Мөн дээрх салбарт ажиллаж буй ажиллагсдын цалин 53
хувийн нэмэгдлийг оруулснаар дундаж нь 180000-220000 төгрөгийн цалинтай
болох аж. Тиймээс цаг наргүй ажилладаг, илүү цаг хөдөлмөрлөснийхөө
хөлсийг авч чаддаггүй ажилчдад анхаарал хандуулахгүй бол Засгийн газрын
төвшинд боловсруулсан Боловсролын тухай хуульд эдгээр хүмүүсийн эрх
ашгийг хамгаалах талд нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа шүү гэдгийг
онцоллоо.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Орон нутагт ажиллаж байхад сургуулийн өмнөх
боловсрол болоод дунд сургуулийн ажилчдын хувьд үнэхээр энэ асуудлыг
тавьдаг гэдгийг онцлоод цалин, тэтгэвэрийг ирэх онд 53 хувиар
нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж
180 мянган төгрөг рүү орж ирэх болж байгаа. Ийм байхад ажилчид
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих болж буй нь асуудалтайг
харуулж байна гэлээ.

Гэхдээ бас цалин, тэтгэвэр нэмэх бүрийд инфляци өсдөг. Төрийн албан
хаагчдын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж нэмэхэд, хэдий
хэмжээний хөрөнгө зарцуулагдах вэ. Түүнийг төр шийдвэрлэх боломж байна
уу гэдгийг тооцоо судалгаатай гаргаж ирнэ. Тэгж байж цалинг нэмэх
эсэхийг эцэслэх учиртай гэлээ. Харин Боловсролын тухай хуульд оруулах
саналын тухайд бодолцох ёстой асуудал учраас анхаарлаа хандуулна гэсэн
юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж