Монголын сонгодог урлагт “А” тавья

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Монголын сонгодог урлагт “А” тавья

М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний эхний хоёр байрыг Монголын дуучид эзэлжээ. Ажил хаялт, сонгуулийн хууль, тасхийсэн жаварт өдрүүдэд мэлсхийтэл наран шарах мэт таатай сайхан мэдээ. Магадгүй шинэ жилийн хамгийн сайхан бэлэг. Надад, чамд, танай гэр бүлд бүгдэд нь хамаатай даанч бахархалтай мэдээ. Монголын хоёр дуучныг дэлхийн тайз хүлээн зөвшөөрсөн амжилтын гараа. 1960 оноос хойш зохиогдож байгаа энэ тэмцээний ялагчид дуурийн ертөнцөд од болон гялалздаг бичигдээгүй хууль бий. Өнөөгийн сонгодог урлагт шигтгээ болон гялалздаг цөөнгүй дуучны амжилтын гараа яг Ариунбаатарынх шиг, Анхбаярынх шиг ийнхүү Глинкийн тайзнаас эхэлж байсан сэтгэл татам түүх бий.


Г.Ариунбаатар, Э.Анхбаяр хоёр залуу дуучид. Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин. Харин одоо тэр нэр хүндтэй тэмцээний тэргүүн байрыг эзлэн олон улсад данстай мэргэжлийн том дуучин болов. Э. Анхбаяр дөнгөж энэ хавар сургуулиа төгссөн. Өнгөрсөн зургадугаар сард Буриадад болсон олон улсын тэмцээний Гран При шагналыг хүртсэн. Харин түүнийхээ дараа Улаан-Үдийн театрт уригдсан. Одоогоор аль театрын тайзаар овоглон их урлагийн ертөнцийн оргил өөд мацахаа шийдээгүй байна. Магадгүй хөгжлийн цоо шинэ хуудсаа нээн дэлхийн чихийг сортойлгох болсон Монгол театрын нэрийн хуудас болох эх орны дуудлага энэ хоёр залууд илүү үнэтэй ч байж мэднэ. Ариунбаатар, Анхбаяр. А үсгээр эхэлсэн амжилтын цуваа өмнө нь Атилла хаанаар өртөөлөн Монголын сонгодог урлагт буусан. Хүн гүрний их ойд зориулсан ДБЭТ-ын шинэ бүтээл “Тэнгэрийн ташуур” улс тунхагласны баяраар Атилла хааныг тайзнаа “амилуулсан” билээ. Балетчин мэргэжилтэй А.Батдэлгэр хэмээх нэгэн эрхэм энэ бүтээлийн хөгжмийг нь бичээд зогсохгүй, бүжгийг нь бас дэглэн найруулсан. Атиллаг тайзнаа буулгах анхны тоглолтыг Америкийн Стэнфордын их сургуулийн профессор удирдан дохисон. Үндэсний бүтээлийг, тэр дундаа шинэ бүтээлийн анхны тоглолтыг гадаадын удирдаач тоглуулсан анхны тохиолдол энэ байлаа. Академик боловсролоороо дэлхийд толгой цохидог Стэнфордын профессорын дохиураар Монголын сонгодог урлагийг сонирхон зорих сүрлэг нэгэн гүүр боссон билээ.



А-гаар эхэлсэн дараагийн нэгэн амжилтын эзэн бол Э.Амартүвшин. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан сонгодог урлагийн ертөнцийн олимп хэмээн тооцогддог. Энэ тэмцээнд оролцох, оролцоод амжилт үзүүлэх мөрөөдөл мэргэжлийн дуучин бүхний сэтгэлд асаатай явдаг. Хамаг амьдралаа, цаг заваа зөвхөн энэ тэмцээнд зориулан бэлтгээд, шагналын тавцан дээрээс түүнийгээ дурсан нулимс унагаж зогссон авяьастны амьдралын түүх тэр мөрөөдөл хэр том гэдгийг илтгэнэ. Харин олон улсын А зэрэглэлийн энэ том тэмцээний мөнгөн медалийг 24-хөн настай монгол залуу хүртсэн. Дэнж хотойлгосон дэлгэр наадмын өмнөхөн ийм бахархалтай мэдээг монгол түмэнд дуулгасан хүн бол Э.Амартүвшин. Түүнийг дэлхийд нэр хүндтэй нэгэн театр өөрийн дуучнаа болооч хэмээн урьчихаад байгаа.




А үсгийн түүчээг түүнээс өмнө Д.Алтанхуяг үргэлжлүүлсэн билээ. Дэлхийн шилдэг найман балетчины нэг энэ залуу Америкийн Бостон хотын театрт данстай ч Италийн Ла Скалад урилгаар бүжиглэдэг. Өнөөдөр балетийн урлагт өндөр аван цойлж байгаа өөртэйгээ ижил авьяастай залуусыг авчран Монголд анх удаа олон улсын балетийн наадмыг зохион байгуулсан. Тив тивийн шилдэг бүжигчид ДБЭТ-ын тайзнаа “Уран хас”-ын аялгуун дор бүжиглэж байсан нь хаврын наран таатай мишээн, жихүүн салхи холдож эхэлсэн тавдугаар сарын эхэн билээ.



Агуу “Аида” амжилтын цувааг эхлүүлсэн гайхамшигт ноён оргил. Хүн төрөлхтний түүхэнд туурвисан хамгийн төгс, хамгийн агуу энэ бүтээл өнөө хэр сонгодог урлагийн ертөнцийн ноён сүмбэр оргил болон дүнхийсээр байна. “Аида”-г өөрийн тайзан дээрээ амилуулсан театр дэлхийд тоотой хэдхэн бий. Гэтэл талын Монголд, монгол ухаан, монгол авьяасаар гранд одера хэмээн тодотгодог “Аида” дүнхийн дэлхийн тамгыг Монголын тайзнаа эрхэмсэгээр дарав. “Аида”-г тоглосон театр дэлхийн хаана ч толгой дээгүүр, харц бардам байдаг гэдэг билээ.


Ийнхүү амжилт бахархал дагуулсан сайхан мэдээ Монголын сонгодог урлагт 2011 оны турш байн байн сонсогдсоор. Сонсох бүрт сэтгэл цэлмэж, алга ташин баясмаар, бахархал, бардамнал дагуулсан өег нүнжигтэй мэдээ. Мэргэжлийн урлагийн ид хавыг гайхуулсан амжилтын цуваа. Гранд опера “Аида” манай сонгодог урлагт дэлхийг Монголд ойртуулсан хөгжлийн цоо шинэ хуудсыг нээжээ. А үсгээр эхэлсэн амжилтын цувааг түүчээлсэн Монголын сонгодог урлагт “А” үнэлгээг шинэ жилийн бэлэг болгон тавья. Энэ бэлэг сонгодог урлагт данстай хүн бүхэн хүртэх эрхтэй сэтгэлийн их мялаалга билээ. Happy New Year!



Б.Цацрал


 ArtLar House

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж