
Аяллын хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бүгд Баянхонгор аймгийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнчлэлтэй гэдэг нь мэдээж. Аялал ч амжилттай эхэлж тэд БНХАУ-ын Эрээн хотод буусан байна. Хөтөлбөрийг эртнээс бэлдсэн байсан тул зохион байгуулалт гэж хачин сайхан байсан гэнэ. Тэднийг Өвөрмонголын жуулчны компанийн нэгэн ажилтнууд тосон авч ресторанд оруулан дайлж цайлжээ. Нэлээд хөгжилдөж, хөөрөлдсөний эцэст тэд автобусандаа суун Хөх хотыг чиглэн хөдөлсөн байна. Тэр үед харуй бүрий болж байсан аж. Тэднийг Эрээнээс хөдлөөд хэсэг хугацаа өнгөрч байхад автобус нь уулын халтиргаатай замд оржээ. Улмаар автобусных нь дугуй хагарч жолооч нь жолоодлогоо алдсан байна. Эцэст нь жолооч уулын нарийхан зам дээр хөндөлсөж зогсчээ. Айдаст автсан зорчигчдыг автобуснаасаа буугаад суух хооронд нь хүнд даацын автомашин автобусыг нь нүд ирмэхийн зуургүй мөргөсөн гэнэ. Харин тэр үед автобусандаа хараахан сууж амжаагүй байсан Гадаад харилцааны сайдын зөвлөх Г.Бодьбилгүүн автобус, хад хоёрын завсарт хавчуулагдаж хүндээр бэртсэн байна. Харин автобусанд байсан хүмүүсийн хувьд байдал харьцангуй тайван өнгөрчээ. Гэхдээ арван зорчигчийн хоёрынх нь хүзүүнд гэмтэл учирч, бусад нь аюулаас холуур өнгөрсөн аж. Ингээд юун аялалтай манатай болжээ. Яаралтай түргэн тусламж дуудаж тэднийг Хөх хот руу хүргэсэн байна. Эмнэлгийн үзлэгээр Гадаад харилцааны сайдын зөвлөх Г.Бодьбилгүүний эгэм хугарч, гурван хавирга нь цуурсан оноштойгоор тэндээ хагалгаа хийлгэхээр үлджээ. Хүзүүндээ бэртэл авсан хоёр хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Харин эрүүл гэгдээд байгаа хүмүүс нь бие махбодийн хувьд гэмтээгүй ч сэтгэл санааны нэлээд “бэртэл”-тэй хоцорчээ. Ингээд аялал аялал биш болж Г.Занданшатар сайдын дэмжсэн ажил ч ажил биш болж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр болон хувирсан байгаа юм. Энэ үед аяллыг зохион байгуулагчид гайгүй гэгдээд байгаа хүмүүсийг “Цааш авч яван аяллаа үргэлжлүүлнэ” гэж байсан ч нөгөөдүүл нь зөвшөөрсөнгүй. Мэдээж үхэхээс наахнуур өнгөрсөн тэдэнд амьд мэнд дээрээ эх орон руугаа буцсан нь дээр гэдэг бодол төрөх нь зүйн хэрэг. Тэдний хүсэлтийг харгалзан үзэж аялал зохион байгуулагчид Хөх хотоос тусгай үүргийн галт тэрэг гаргаж Эрээний зүг хурдлах тушаал буулгажээ. Галт тэргэнд хүзүү нь гэмтсэн хоёр болон бусад хүн нийлээд Баянхонгор аймгаас ирсэн арван зорчигч суусан байна. Тэд өнгөрсөн ням гарагт Замын-Үүд-Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн галт тэргээр Улаанбаатарт иржээ. Харин Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын зөвлөх Г.Бодьбилгүүн Хөх хотод үлдэж эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Монголд хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар аяллын бүрэлдэхүүнийг ахалж явсан Г.Бодьбилгүүний биеийн байдал сайнгүй байгаа аж. Тэрбээр манайдаа нэртэй яруу найрагч Т.Галсангийн хүү бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн боловсролтой, орчуулагч залуу гэдгийг хүмүүс андахгүй биз. Төслийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бас ч гэж олон газар ажиллаж туршлага хуримтлуулсан залуу юм билээ. Харин хүзүүндээ бэртэл авсан хоёр хүн Хөх хотод үлдэж эмчилгээ хийлгэх нь бүү хэл Улаанбаатарт ч эмчилгээ хийлгээгүй бөгөөд “эрүүл” хүмүүстэйгээ хамт нутагтаа ирцгээжээ.
