Агентлагуудыг нүүлгэх асуудал хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Агентлагуудыг нүүлгэх асуудал хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг ярилцаж байна.

Хууль санаачлагч эрхэм гишүүн Э.Бат-Үүл зөвхөн нийслэл Улаанбаатарт Монголын иргэд төвлөрөх бус аймаг, сумдад тарааж төвлөрлийг сааруулж, агентлагуудыг хөдөө орон нутагт байршуулах талаар санал гаргасан юм. Гэвч үүнийг гишүүд өөр өөрийн байр сууринаас хүлээж авлаа. Эрхэм гишүүн Д.Арвин үүнийг эсэргүүцэж хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байлаа. Тэрбээр агентлагуудыг хөдөө байршуулахыг хүлээж авах бодолгүй байсан юм. Харин З.Энхболд гишүн Э.Бат-Үүл гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжиж “Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар дэлхий хавтгай болсон. Дэлхийн аль ч өнцөг булангаас интернэтээр холбогдож болно. Түүн шиг дэд бүтцээ сайжруулаад агентлагуудаа хөдөө орон нутагт ажиллуулж болно. Улаанбаатарт шаваараад суугаад байх ёсгүй. Хэрэгжүүлэх нь дараагийн Засгийн газрын үүрэг. Хөдөө орон нутагт дэд бүтцээ сайжруулж тараан байршуулах ёстой. Хөдөө аж ахуйн их сургууль Улаанбаатарт байх шаардлагагүй. Уул уурхайн сургууль энд байх шаардлагагүй. Үүн шиг харьяалах агентлагуудыг орон нутаг руу шилжүүлэх ёстой” гэж байлаа. Гишүүн Х.Наранхүү байгалиас заяасан өргөн уудам нутгаа дүүрэн ашиглах ёстой. Гэхдээ өнөө маргаашгүй биш. Хөрөнгө мөнгөний боломж зэргээ харгалзаад агентлагуудыг орон нутагт тараан байршуулах боломжийг нь одоо нээгээд өгч болно” гэлээ.

Гишүүн Д.Дамба-Очир “Хархоринд нийслэлээ шилжүүлбэл Улаанбаатар зүгээр аймаг болно. Чингэлтэй дүүрэг гэхэд сум болж хороо нь баг болно. Улаанбаатар ачааллаа дийлэхээ больсон” гээд оруулж байгаа саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Гишүүн Ц.Цэнгэл ч Улаанбаатарт хүн ам дэндүү төвлөрч, дөрвөн уулын дунд агааргүйдэж суух нь буруу гээд Дархан, Эрдэнэт, Багануур зэргийг хурдны замтай болгож их, дээд сургуулиудыг эхний ээлжинд нүүлгэх хэрэгтэй гэж байлаа. Мөн улс төрийн авсаархан жижиг хоттой болгох санал хэлж байв. Монгол Улсын төв нь Өвөрхангай тул Хархоринд нийслэлийг шилжүүлэхийг ч дэмжсэн юм.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад гишүүдийн 64,1 хувь нь хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж