Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, цалин хөлсийг 2012 оны 1-р сарын 1-нээс 80000₮, 3-р сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх” талаар МУ-ын Ерөнхий сайд С.Батболдод хандаж хамтарсан Шаардлага хүргүүлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлаад байгаа асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Харин өчигдөр Баянгол дүүргийн Засаг дарга Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ажилчидтай уулзах үеэр “Багш нар шиг ажил хаяж, яарч жагсаал цуглаан хийж болохгүй” гэж ухуулга хийж, дарамталсан талаар Үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байна. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээр эхлэхгүй байгаа шалтгаан нь НХХ-ийн сайд Т.Ганди “эмч нар ажил хаяагүй учраас цалин нэмэх асуудлыг тодорхой салбарын түвшинд ярина” гэсэн байр суурийг илэрхийлснээс болсон гэнэ.
Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу энэ сарын 20-ны өдрийн 11.30 цагт боловсрол болон соёл урлагийн салбарынхантай хамтран жагсаалд оролцох гэнэ. Харин жагсаалд оролцуулахгүй байх, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх, худал мэдээлэл тараахгүй байхыг Эрүүл мэндийн сайд болон эмнэлгийн дарга нараас хүслээ.