Энэ сарын 6-ны өдрийн 14:40-17:40 цагийн хооронд ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг “Хууль хяналтын байгууллагынхан хэлмэгдүүлж баривчилсан, улмаар чөлөөлөх”-ийг шаардаж нийслэлийн МАХН-ын гишүүд дэмжигчид, улс төрийн зарим нам, хөдөлгөөний төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүний жагсаал болсон. Гэвч одоо Б.Тулга суллагдаад байгаа. Харин өчигдөр 12:30-13:35 цагийн хооронд нийслэлийн Прокурорын газрын үүдэнд тэд дахин жагсав. Тэдний ийн ирсэн учир нь Б.Тулгын хэргийг хянаж байгаа хяналтын прокурор О.Мөнхбаатар “Жагсагчдыг хууль бус үйлдэл хийсэн, миний биед гэмтэл учруулсан” зэрэг шалтгаанаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж эхэлжээ. Бид мэдээллийн дагуу нийслэлийн Прокурорын газар 13:00 цагийн үед очиход цагаан хоолой барьсан тав, зургаан төлөөлөл байв. Тэднээс өнөөдөр ирсэн учрыг нь асуухад “Өнөөдөр бидний 40 орчим төлөөлөл ирээд байна. Ард түмнийхээ төлөө ажиллах ёстой, хууль сахиулах үүрэгтэй, эх орныхоо өмнө тангараг өргөсөн цагдаа, хууль хяналтын байгууллагуудыг иргэдийнхээ төлөө шударга ажиллахыг уриалж байна. Бас О.Мөнхбаатар прокурор ор үндэсгүй дээд газартаа мэдэгдэл гаргасныг бид эсэргүүцэж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс өргөдлөө татахыг шаардаж байна” гэлээ. Хоёр хоногийн өмнө “Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг саатуулаад байгаа” гэсэн мэдээлэл гарсан. Харин бид энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодруулахад “Тийм зүйл болоогүй, хүү маань ажилдаа явж байгаа” хэмээсэн юм.
Л.Баатархүү
"Улс төрийн тойм" сонин