Орон нутгийн хувьд Дархан-Уул, Архангай аймгийн Тариат сум, Ховд аймгийн Булган сумын багш нар ажил хаялтад нэгдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол Увс, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дорнод зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар тус түр хорооныхонтой утсаар холбогдон, ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлээд “нэгдэхэд бэлэн” гэдгээ дамжуулжээ.
Ерөнхий сайд С.Батболд “Улс орны хөгжилтэй холбоотой, нийгмийн тэр дундаа боловсролын олон асуудал Засгийн газрын хуралдаануудаар орж, амжилттай шийдэгдэж байгаа. Эдгээр дотор сайнаар шийдвэрлэгдэж байгаа олон асуудал бий. Гэхдээ шийдвэрлэбэл зохих, шийдвэр нь хүлээгдэж байгаа, төр засгийн зүгээс анхаарал тавих ёстой асуудлууд бий гэдгийг ойлгож байгаа. Эдгээрийг үе шаттайгаар, системтэйгээр шийдвэрлэж байгаа. Тэр дотор багш нартай холбоотойгоор салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь төр, засагтаа хандаж, тэдгээрийн сонирхол, бодол саналыг илэрхийлж, асуудлыг тавьж байна гэж ойлгож байна. Энэ агуулгаараа та бүхнийг хүлээн авч, сонсъё гэсэн юм” хэмээн боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялт зохион байгуулах түр хорооны гишүүдийн байр суурийг сонирхсон ч “дахин хуралдах хэрэгтэй” хэмээн уулзалт өндөрлөсөн удаатай. Багш нарын төлөөлөл МҮЭСТО-ны хурлын их танхимд “Багш нарын хугацаагүй ажил хаялтыг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг ихэнх сургуулийн төлөөлөл болон багш нар мэдэгдэж байсан юм.
Харин өчигдөр уг ажил хаялтад Эрүүл мэнд, урлаг, хүчний байгууллагынхан нэгдэхээ мэдэгдсэн юм. Тодруулбал, ажил хаялтад эрүүл мэндийн салбар, хүчний байгууллагынхан буюу цагдаа, онцгой байдлын ажилчид, урлагийн байгууллагынхан нэгдэхээр болсон аж. Хугацаагүй ажил хаялт багш нараас эхлээд салбар салбарыхныг хамруулан энэ мэт үргэлжлэх юм бол асуудал улсын хэмжээнд өрнөж ноцтой болж хувирах талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар сэрэмжлүүлжээ. Тэрбээр ажил хаялтыг “Үнэндээ бид нэг хүн, байгууллагын эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгээгүй. Өөрөөр хэлбэл, “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог” гэдэгтэй адил. Одоогийн байдлаар нийгэмд боловсрол, эрүүл мэндийн салбарынхан нэгдэж, ажил хаялтад оролцоход бэлэн гэдгээ анхааруулаад байгаа. Өнгөцхөн харахад хоёр л байгууллага тэмцээд байгаа мэт боловч энэ бүхэн нийгмийн сайн сайхны төлөө арга хэмжээ юм. Боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллага, хувийн хэвшлийнхэн энгийн иргэдийн дуу хоолойг төр, засагт хүргэх зорилготой. Түүнээс биш бид мөнгөний төлөө энэ тэмцлийг хийгээгүй. Нийгэмд бугшсан баян, хоосны ялгааг үгүй хийж, тендер нэрээр тэрбумтан бологсдын үйлдлийг таслан зогсоож, эрүүлжүүлэх зорилготой” хэмээн дүгнэж байна.
Өчигдөр боловсролын шинэчлэл, шинэ стандарттай уялдуулан боловсролын салбарт ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт, давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг хийх, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал Засгийн газрын түвшинд яригдсан. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Очирбат, Д.Одбаяр, С.Эрдэнэ, П.Алтангэрэл нарын боловсруулсан хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр өргөн барьсан юм. Энэхүү төсөлд Боловсролын байгууллагад ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэхээр хуулийн төсөлд онцгойлон тусгасан аж. Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан ба түүнээс дээш ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг тусгаснаар төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгана гэдэгт хууль санаачлагчид найдаж байгаагаа уламжилжээ. Уг нь багш хуулинд “Хөдөлмөр эрхлэгчид ямарваа нэгэн асуудлаас болж ажил хаясан тохиолдолд хэлэлцээрийн ширээний ард суусан бол шууд ажил хаялт зогсож, хэвийн байдал руу шилжих ёстой” гэх утгатай заалт байдаг аж. Гэвч хугацаагүй ажил хаясан багш нар өчигдрийн хуралдаанаар “Ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Ямартай ч бусад салбарынхан руу хүчтэй нөлөөлж буй ажил хаялт хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Хэрэв асуудал нааштайгаар эргэвэл ирэх даваа гарагаас хичээл орж ажил хаялт зогсож магадгүй талаар ажил хаялтын түр хорооны зарим гишүүд мэдэгдсэн билээ.
"Улс төрийн тойм" сонин