-Усалгаатай газар тариалан гэж чухам юу юм, Дэлхий нийтэд үүнийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ онд манай дэлхийн хүн амын тоо долоон тэрбумын босгыг давлаа. Үүнтэй зэрэгцээд хүнсний хангамж, баталгаат байдал улс бүрийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. 1980-аад онд дэлхий нийтэд тариалангийн талбайн 15 хувийг усалгаатай талбай эзэлж байсан бол 2010 онд 17 хувь болж өсчээ. 30 жилийн хугацаанд дэлхий даяар усалгаатай талбайн хэмжээ дөнгөж хоёр хувь л нэмэгдсэн байх юм. Ийм газар тариалангийн нийт бүтээгдэхүүний тавиас илүү хувийг хураан авч хүн амыг хүнс, тэжээлээр хангаж байна. Ойрын 20 жилд багтаан Олон улс тариалангийн талбайн 40 хувийг усжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа. Манай орны хувьд ч багагүй ахиц, дэвшил гарлаа. 2011 онд улсын хэмжээгээр 46.5 мянган га талбайд усалгаатай тариалан эрхэлж байгаагаас үр тариа 10.8 мянган га, төмс 11.6 мянган га, хүнсний ногоо 7.7 мянган га, жимс, жимсгэнэ 2.6 мянган га, малын тэжээл 4.3 мянган га, усалгаатай хадлан 9.3 мянган га талбайд ургац тариаллаа. Улсын хэмжээгээр ургац тариалсан нийт талбайн 12 хувийг усалгаатай тариалан эзэлж байгаагийн дотор дөрвөн хувь нь үр тариа, 78 хувь нь төмс, 41 хувь нь малын тэжээлийн талбай тус, тус эзэлж байгаа.
-Усалгаатай талбайгаас ер нь хэдий хэмжээний ургац хураан авдаг вэ?
-Манай орны хувьд усалгаатай талбайгаас хураан авч байгаа ургацын хэмжээг дэлхийн дундажтай харьцуулахад бага л даа. Энэ нь эрдэс бордооны олдоц муу, үнэ өндөр байдагтай холбоотой. Мөн усалгаатай нөхцөлд зориулсан эрчимжсэн сортыг сонгон тариалдаггүй, усалгааны горим, технологийг баримталдаггүй зэрэгтэй холбоотой гэж эрдэмтэд үздэг.
-Энэ онд ийм талбайгаас хэр хэмжээний ургац хураан авав?
-Монгол Улс 2011 онд усалгаатай талбайгаас үр тариа 19.8 мянган тонн, төмс 157 мянган тонн, хүнсний ногоо 105.2 мянган тонн, жимс, жимсгэнэ 627.8 мянган тонн, малын тэжээл 16.6 мянган тонныг тус тус хураан авлаа. Энэ нь улсын хэмжээгээр хураан авсан үр тарианы ургацын 6.8 хувь, төмсний 78.8 хувь нь болж байгаа юм. Ер нь усалгааг технологийн дагуу зөв хийх юм бол нэгж га-аас авах ургацын хэмжээ өндөр байх нь мэдээж. Жишээлбэл энэ онд Орхон аймгийн “Бүтлийн-Ундарга” ХХК, Хөвсгөл аймгийн “Улаан-Од” ХХК, Увс аймгийн “Алтандуулга” ХХК, зэрэг компаниуд усалгаатай талбайгаас 30-40 центнер ургац хураан авсан.
-Тариаланчидтай уулзаж байхад усалгаатай болгочихвол энэ талбайгаас ихээхэн ургац хураачих боломж байдаг. Даанч услалтын систем барихад зардал өндөр гэх үг унагах нь элбэг сонсогддог. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үнэхээр тийм байдаг. Услалтын системийг шинээр барих уу, сэргээн засварлах уу гэдгээс хамааран нэг га-ийн хөрөнгө оруулалт ялгаатай. Шинээр услалтын систем барихад нэг га талбайд дунджаар одоогийн зах зээлийн ханшаар тооцвол 4.5-5 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаарддаг. Төр засгаас усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч, тодорхой хэмжээний дэмжлэгийг тариаланчдад үзүүлж байна. Үүнд зөвхөн төрийн оролцооноос гадна тариаланчдын оролцоо ч маш чухал. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт батлагдсан усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, гадаадын төсөл хөтөлбөр зэрэг бүх талын хамтын оролцоо их үр дүн үзүүлж байна. 2008-2011 онуудад улсын хэмжээгээр 228 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварласнаар 33.2 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж орууллаа.
-Услалтын систем барихад заавал зураг төсөл хийлгэх шаардлагатай юу гэж тариаланчид их асуудаг. Үнэ өртөг нь ч нэлээд өндөр байдаг юм шиг байна лээ?
-Барилгын тухай хуулиар услалтын системийг шинээр барих, сэргээн засварлахад заавал зураг төсөл хийлгэсэн байх шаардлагатай. Үнэ хөлс, тусгай норм, хэмжээгээр тогтоосон байдаг. Усалгаатай тариалангийн хөгжилд хайгуул судалгаа, зураг төслийн ажил үндсэн суурь нь болж өгдөг онцлогтой. Иймээс 2008 оноос эхлэн энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлж Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Архангай, Төв зэрэг зургаан аймгийн нутаг дэвсгэрт, Хэрлэн, Орхон, Ховд, Улз, Онон зэрэг 15 томоохон голын хөндийд усалгаатай хадлан, тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгааг хийсэн. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн 34 услалтын системийн барилгын ажлын зураг төсөл, төсвийг захиалан хийгээд байгаа. Энэ ажлын үр дүнд 1990 оноос өмнө ашигладаггүй байсан 21 услалтын системийг сэргээн засварлаж ашиглалтад оруулснаар олон мянган айл өрх, иргэдийг хүнсний ногоо тарьж, амьжиргаагаа сайжруулах боломжийг хөдөө орон нутагт бий болголоо.
-Усалгаатай тариаланг ихэнхдээ урсгал ус, гол мөрөн түшиглэж байгуулсан байдаг. Урсгал усгүй газар гүний ус ашиглан газар тариаланг усалгаажуулж болох уу?
-Болно болно. Гэхдээ бодолцох зүйл бас бий. Газрын доорхи ус эрдэсжилт ихтэй, түүнийг олборлож хэрэглэхэд өртөг, зардал их гардаг, олон зуун га-г услахад усны нөөц хязгаарлагдмал байдаг. Өөр хүчин зүйлүүд бас бий. Багахан хэмжээний талбайг дуслын болон хөрсөн доороос услах арга технологийг ашиглах нөхцөлд газрын доорхи усыг хэрэглэж болно. Манай улсад ашиглаж байгаа услалтын системийн 20 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг.
-Газар тариалангийн үйлдвэрлэл бол цэвэр байгалийн хараат гэж ярьдаг. Гэхдээ услалтын системээ шийдчихвэл тариаланч хүн тэнгэр харах шаардлагагүй юм шиг санагдаж байна. Улсаас энэ талын ажлыг хэр дэмжиж байна вэ. Мөн цаашдын төлөвлөгөөнөөсөө дурдахгүй юү?
-Усалгааг шийдснээр бүх юм сайхан болчихно гэж байхгүй л дээ. Технологи, горим, цаг хугацаа, байгаль дэлхийн араншинг хүртэл боломжийн тооцоолж байж газар тарилангийн үйлдвэрлэл явагддаг. Ойрын 12 жилд багтааж усалгаатай талбайн хэмжээг 80 мянган га-д хүргэх хэрэгцээ шаардлага байна. Ер нь бол манай улсад 100 мянган га-д тариалж, усалж чадвал төмс, хүнсний ногоо, малын тэжээл, жимс жимсгэний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад үр тарианы 30-аад хувийг услалтын системээр үйлдвэрлэх боломжтой. Ийм газар тариаланг хөгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийн баталгаат байдал сайжирч, тариаланчид байгаль цаг уурын өөрчлөлтийн эрхшээлээс ангижрах цорын ганц боломж гэдгийг өнөөдөр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.
"Улс төрийн тойм" сонин