АНУ, Хятадын хооронд худалдааны дайн эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын хооронд худалдааны дайн эхэлжээ

Хятадын
Засгийн газар АНУ-аас импортоор оруулж ирэх тээврийн хэрэгсэлд татвар
ноогдуулахаар болжээ. Энэ тухай тус улсын Худалдааны сайд мэдэгдэв.
Ийнхүү дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний эдийн засгийн салбар дахь
хурцадмал байдал дахин сэдэрлээ.

Татварын шинэ дүрэм
хөдөлгүүрийн багтаамж нь 2.5 литр бүхий суудлын болон спорт загварын
автомашинуудад хоёр жилийн хугацаанд үйлчлэх аж. Энэ шийдвэр АНУ-ын
автомашин үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулав. “Женерал Моторс”,
“Chrysler”, “BMW”, “Мерседес Бенз”, “Хонда Мотор”, “Форд Мотор” зэрэг
компанийн үйл ажиллагаанд Хятадын Засгийн газрын шийдвэр хамгийн их
нөлөөлөх бололтой. Хятадын эрх баригчид “Энэ бол дотоодын зах зээлээ
дэмжих, дотоодын үйлдвэрлэгчдээ идэвхжүүлэх гэсэн оролдлого” хэмээн
тайлбарлаж байна. Тэдний дүгнэж байгаагаар Хятадын автомашин
үйлдвэрлэгчид хэзээ мөдгүй дампуурч мэдэхээр хүнд байдалд орчихоод
байгаа бололтой.

Хятадын Худалдааны сайдын мэдээлснээр АНУ-д
үйлдвэрлэсэн автомашины хаягдлаас 2-21.5 хувийн татвар авах аж. Бүр
тодруулбал, “Женерал Моторс”-ын автомашинуудад 12.9 хувь,
“Chrysler”-ынхт 8.8 хувийн татвар ноогдуулах гэх мэтээр нарийвчлан
заажээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр энэ бүхэн нь ердөө 50 мянга
орчим автомашинд хамаарах татвар гэнэ. Энэ нь Хятадын зах зээл рүү
гардаг нийт тээврийн хэрэгслийн өчүүхэн хувийг эзэлнэ хэмээн хууль
зохиогчид нь тайлбарлаж байна. Хятадын хувьд 2009 онд автомашины
үйлдвэрлэлийн хэмжээгээр АНУ-ыг ардаа орхисон юм. Өнөөдрийн байдлаар тус
улсын зах зээлд борлуулагддаг тээврийн хэрэгсэл нь ихэвчлэн дотооддоо
үйлдвэрлэсэн байдаг аж. Харин тансаг зэрэглэлийн автомашинуудыг гаднаас
импор­толдог байна. Өнгөрсөн оны байдлаар Хятад дахь автомашины худалдаа
2009 оны мөн үеийнхтэй харьцуулахад 32 хувиар өсчээ. Харин Бээжингээс
жижиг хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд татвар ноогдуулж эхэлсний дараа
энэ салбарын үйл ажиллагаа хумигдаж эхэлсэн байна. “Bloomberg”-ийн
мэдээлснээр энэ нь 2009 оны есдүгээр сард Б.Обамагийн засаг захиргаа
Хятадаас АНУ руу худалдаанд гарч байгаа дугуйнуудад 35 хувийн татвар
ноогдуулсны хариу болгон хийж буй алхам бололтой.

Сүүлийн үед
юанийн ханшийн өөрчлөлт, тахианы махны худалдаа, нарны эрчим хүчний
импорттой холбоотой маргаан АНУ, Хятадын хооронд хүчтэй өрнөх болсон.
АНУ-д үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслээс татвар авах шийдвэр нь үүн дээр
нэрмээс болж хоёр орны харилцааг хурцатгах нь дамжиггүй болов. АНУ-ын
Засгийн газрын төлөөлөгчид дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа
илэрхийлжээ. Тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Энэ
асуудлыг Конгрессоор хэлэлцэх болно” хэмээн “AFP” агентлагт өгсөн
ярицлагадаа дурьдсан байна.

Өнгөрсөн
долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид Дэлхийн худалдааны байгууллагад
Хятадтай холбоотой гомдол гаргажээ. Энэ сарын эхээр Хятадын Засгийн
газар мөн л дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор АНУ-аас авах нарны
эрчим хүчний импортын тарифийг нэмсэн юм. Хятадын нарны эрчим хүчний
бараа, бүтээгдэхүүний импорт өнгөрсөн онд 2008 оныхтой харьцуулахад
дөрөв дахин өссөн. Үүнээс улбаалаад Вэнь Зябаогийн Засгийн газар эрчим
хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлэх, цаашлаад АНУ-ын компаниудыг зах
зээлээсээ шахах бодлого баримталж байна хэмээн шинжээчид таамаглах болж.
Ямартай ч энэ асуудлаас болоод АНУ, Хятадын харилцаа хурцдаад байсан
юм. АНУ-ын Худалдааны яамнаас энэ хэрэгтэй холбоотой хэргүүдийг шалгаж
эхэлсэн тухай “Bloomberg” мэдээлж байв. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын хууль
сахиулагчид Бээжингийн эрх баригчдыг юанийн ханшаа хангалттай
чөлөөлөхгүй байгаад буруутгажээ. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд
эхлэх үед Хятадын Засгийн газар юанийн ханшийг ам.доллараас хүчээр уяж,
зах зээлийн бодит ханшаас нь 40 дахин доогуур үнэлэх болсон. Энэ нь тус
улсын үйлдвэрлэгчдэд давуу байдал олгож, бараа бүтээгдэхүүнээ хямдаар
үнэлэх боломжийг бүрдүүлсэн юм. Үр дүнд нь АНУ дахь Хятадын компаниудын
үйл ажиллагаа сэргэжээ. Хямралын жилүүдэд Хятадын дотоодын нийт
бүтээгдэхүүний өсөлт 7-9 хувьд хүрсний нэг шалтгаан нь энэ болсон. Харин
АНУ-ын гадаад худалдааны алдагдал гэрлийн хурдаар өсч эхэлсэн. Эцэст нь
Барак Обамагийн засаг захиргаа Хятадын талтай тохиролцоонд хүрч, юанийн
ханшийг чөлөөлөхөөр болсон билээ. Гэхдээ Вэнь Зябао “Энэ үйл явцыг
алгуурхан хийхгүй бол дэлхийн эдийн засаг хямарна” гэж хэлсэн. Үүнээс
болж АНУ-ын тал одоог хүртэл Хятадыг хэтэрхий алгуурлаж байна хэмээн
шүүмжилсээр байгаа юм. Тэр ч байтугай өнгөрсөн хавар Хятадын гадаад
худалдаа анх удаа алдагдалтай гарах үед Б.Обама золтой л алга ташин баяр
хүргэчихээгүй. Ямартай ч юанийн ханш 2005 оны долоодугаар  са­рынхтай
харьцуулахад 20 хувиар чангарчихаад байна. Гэхдээ энэ нь Б.Обамагийн
хэлж байсанчлан ажил­гүй америкчуудын тоог цөөлөхөд төдийлөн хувь нэмэр
оруулаагүй юм. Харин шинжээчдийн үзэж бай­гаагаар хоёр орны хооронд
өрнөж буй эдийн засгийн дайнд хожил байхгүй бололтой.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж