Гольдманы шагналтан Онгийн голоос төрсөн

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Гольдманы шагналтан Онгийн голоос төрсөн

Өнгөрсөн хавар Сүхбаатарын талбайд байрлаад байсан морьтой тэмцэгчдийн дунд  Монголын гол, нууруудын  хөдөлгөөний тэргүүн, “Онги гол” төрийн бус байгууллагыг санаачлагч Ц.Мөнхбаяр олонтоо харагдаж билээ. Харагдахаар ч барахгүй тэр тэмцлийг толгойлсон хэрэг.  Онги голын хөдөлгөөнийг анх санаачилж олон жилийн хөдөлмөр, тэмцлийн дүнд олонд танигдсан хүн л дээ. Гэхдээ олон нийт түүнийг хаанахын ямар түүх намтартай хүн болохыг тэр бүр мэдэхгүй байж мэднэ.

    …1990-ээд оны дундуур юмсан. Дундговь аймгийн   “Ардчилсан холбоо” эвслийн штабт орж ирсэн үл таних залуу Цэцгээгийн Мөнхбаяр байсан.   Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, түүний төлөө тэмцэх үзэл бодолтой залуу болох нь ярианаас нь мэдэгдэж байсан. Агротехникч ч билүү мэргэжилтэй, төрөлх Сайхан-Овоо сумандаа ажилладаг нэгэн болохыг тэгэхэд л анх мэдсэн юм. Түүнээс хойхно орон нутгийн сонгууль болоход  сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон  лавтайяа хоёр бүрэн эрхийн хугацаанд сонгогдон ажилласан. Аймгийн ИТХ-д хэд хэд сонгогдсон шиг санагдана. Ийнхүү ажиллаж   байхдаа гадна дотны төсөл хөтөлбөр олныг олж сум орноо хөгжүүлэхэд зориулж , иргэдийнхээ төлөө дуугардаг, тэдний эрх ашгийн төлөө хэнээс ч айхгүй үгээ хэлдэг, тэмцдэгээ ч харуулж чадсан. Олон хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох ажлыг хөөцөлдөж бүтээсэн дээ. Энэ хугацаанд сумандаа анхны телевиз байгуулж Тамгын газрын шуурхай зөвлөлгөөнийг шууд нэвтрүүлдгийг сумын төвийхөн төдийгүй хөдөөнийхөн ч үздэг, бас телевиз нь өөрийн гэсэн сурвалжлагын авто машинтай  их догь байсан. Тэр үед чинь суманд байтугай аймагт ч бие даасан телевиз байгаагүй л дээ. Ц.Мөнхбаяр ингэж ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгсөөд авсан.  Тэгэж байснаа  говийн амин судас Онги голоо авран хамгаалахын төлөө ТББ байгуулаад  их ажил хийсэн. Түүний  тэмцэл эрс шийдэмгий, бас ч асуудлыг арай хурцдуулдгаас удирдах  дарга нартаа нэг их сайн хэлэгддэгүй байсан.   Онги голын  экологийг хамгаалахын төлөө их зүйл хийж  гол эх авдаг Өвөрхангайн нутаг дахь алтны уурхайхантай үзэлцэж, Байгаль орчны яамны дэмжлэгээр олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байх. Ингэж нэр хүнд нь өсч гадаад, дотоодод  танигдан Америкийн нэгдсэн улсын Гольдманы нэр хүндтэй шагнал-150000 долларыг очиж гардан авсан ховорхон завшаантай. Байгаль орчноо хамгаалахын төлөө тэмцэл түүнд ийм өндөр шагнал хүртээсэн.   Энэ нэр хүндтэй шагналын эзэн Монголд байхгүй, Ази тивд ч хуруу дарам цөөн гэдэг.

Саяхан  Сайхан-Овоо сумын ИТХ-ын дарга Б.Өлзийттэй
 уулзахдаа сонирхон асуухад:

-Мөнхбаяр жилдээ 3-4 удаа сумаараа ирдэг. Гол нь “Онги гол” хөдөлгөөнийхөө ажлаар явах юм. 2007 оноос “Онги гол-экологи” гэсэн  хичээлийг Онги голын хөвөөгөөр оршдог сургуулиудад оруулдаг боллоо. Бүр тийм нэртэй сурах бичиг гаргасанаа хүргэж ирсэн. Одоо “Онги гол-нүүдэлчдийн соёл” гээд дараагийн сурах бичиг ч ирчихсэн хичээл нь орж байна. Онги голын дагуух сумдад 20000 гаруй хүүхэд энэ хичээл үзэж байгаа гэсэн шүү. Энэ бол Онги голоо төдийгүй байгаль орчноо хамгаалах экологийн боловсролыг багаас нь олгож байгаа их буянтай ажил. Бас “Онги гол-ойн зурвас” төслийг 400 км газар хэрэгжүүлж байгаа. Өөрийн нь яриагаар бол одоо 9000 орчим суулгац тарьсан нь төгөл болж эхнээсээ үр жимсээ өгөөд эхэлчихэж.  Хөдөлгөөнийхний олон жилийн тэмцэл, хөдөлмөрийн  үр дүн үү, байгаль эхийн зүй тогтол ч юмуу, юутай ч гэсэн Онги гол сүүлийн хоёр жил саваа халин үерлэж Улаан нууртаа хүрч цутгаад сайхан байна. Урьд нь хоосон сайр болоод байсан Онги гол маань зундаа хөөсрөн оволзож хүн, малаа ундаалж өвөлдөө толин цэнхэр мөсөө гялталзуулан тэшүүртэй хүүхдүүд бужигнан өнждөг болоод байна гэж ярилаа.

Энэ нутгийн уугуул, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нэгэнтээ:

-Мөнхбаярын гол, нуур хамгаалах хөдөлгөөн их чухал ажлыг барьж авсан. Энэ цөлжилт, хуурайшилт, гол, нуурын усны хомсдлын эсрэг ийм ажил сэдсэн нь яах аргагүй зөв. Би ч энэ чиглэлийн мэргэжилтэн, судлаач эрдэмтний хувьд  эхний үед зөвлөж тусалж явсан. Харин тэр сүүлийн үеийн тэмцлийн үйл ажиллагааг нь мэдэхгүй юм гэж ярьж байсан.

 Ц. Мөнхбаяр ямар ч байсан эх байгалиа гэсэн сэтгэлтэй, их ирээдүйтэй ажлыг барьж авсан нь үнэн, харин түүнийгээ илэрхийлэх хэлбэр, тэмцлийн нь зарим хурц үйлдлийн зөв бурууг  үнэлж дүгнэх хүн би биш болохоор юү хэлэх вэ.

                                    С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж