Боловсролын салбарынхныг алагчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхныг алагчилж байна

Багш нарын ажил хаялт тав дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газрын гишүүдийн зүгээс тэдэнд хандан ажил хаялтаа зогсоохыг хүссэн ч хоёр талаас хийж буй хэлэлцээр төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа юм. Гэхдээ Засгийн газрын зүгээс багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгохоор Боловсролын тухай хуулийг боловсруулаад байна. Мөн багш нарт хуучин олгодог байсан дэвтэр засалтын мөнгөнөөс эхлээд бүхий л хөдөлмөрийг нь үнэлэхээр дээрх хуульд тусгаад буй. Иймд бид Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас дараах тодруулгыг хийсэн юм. Цэцэрлэгийн багш нар ч мөн дараах асуудлыг хөндөж байна.

Ё.Отгонбаяр: Бүгдээрээ нэг вагонд багталцахгүй


-Боловсролын салбар зөвхөн багш нараар хязгаарлагддаггүй, ард нь тогооч, цэвэрлэгч, галч, жижүүр гэх хүмүүс цаг наргүй ажиллаж байдаг. Эдгээр хүмүүст таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор Боловсролын тухай хуульд тусгаж өгсөн үү?

-Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөл Засгийн газрын хуралдаанаар орж хэлэлцэгдэнэ. УИХ-ын гишүүд бас тодорхой хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хоёр төслийг хооронд нь нийлүүлээд УИХ-аар хэлэлцэх байх. Энэ төсөлд нэгдүгээрт, багш нарын нийгмийн асуудлаас гадна боловсролын салбарын сургалтын чанарын асуудал, энэнтэй холбогдсон олон шийдвэрүүд явж байгаа. Жишээ нь таван жил тутамд багш нарын мэргэжлийг дээшлүүлнэ гэж… Мөн дотуур байрны багш, албан бус боловсролын багш, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт таван жилийн нэмэгдэл олгохоор болсон. Нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд суурь боловсролыг үнэ төлбөргүй төрөөс олгох ёстой гээд заачихсан. Тэгэхлээр сургууль дээр заах багш нь байх ёстой. Энэнээс үүдсэн хуулийн заалт явж байгаа юм.

-Танд би маш тодорхой асуулт тавьсан, түүндээ хариулт авъя. Өнөөдөр энэ салбарт дан ганц багш нар ажиллаагүй, 20,  30 жилийн турш дотуур байрны сурагчдын хоол хийсэн тогоочоос эхлээд галч, усчин гээд мянга мянган ажилчид бий. Цэцэрлэгийн ажилчид ч үүнд хамаарна. Багш нар жагсаад асуудлаа шийдүүлээд авдаг бол ард нь эдгээр ажилчид үлддэг.  Яагаад салбарынханд хоёр өөрөөр хандаад байна вэ?

-Бүгдээрээ вагондоо үсэрч орох гээд байвал багтахгүй шүү дээ. түүнийг бодолцох ёстой.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгүүдийн үйлдвэрчний эвлэлүүдийн хорооны дарга Д.Саранцэцэг:

-Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүүхдийг асарч хамгаалж, хүмүүжүүлж, хооллож сургаж байдаг газар. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн 25 хувь нь багш, үлдэж байгаа 75 хувь нь ажилчид. Тэдгээр ажилчид хүүхдүүдийг цэцэрлэг, сургуулийн хаалгаар орж ирэхээс нь эхлүүлээд бүхий л ажиллагаанд оролцдог. Манаач нь давхар мужааны ажил хийдэг байх жишээтэй. Мужаан байхгүй учраас манаач анги, танхимын засвар үйлчилгээг давхар хийнэ. Цэцэрлэгт бас туслах багш нар байдаг, тэд багшид туслаад хүүхдүүдийг асрах гээд цогц үйл ажиллагааг хамтарч явуулдаг. Гэтэл өнөөдөр зөвхөн багшийн тухай л ярьж байгаа. Тэгэхэд тэр хүмүүс өглөө 08.00-18.00 цаг хүртэл ажилладаг байхад илүү цагийн мөнгө оногддоггүй. Боловсролын салбар гэдэг жижүүрээсээ эхэлнэ. Тэр байгууллага ямар байх вэ гэдэг тодорхойлогддог. Ажилчдын тухай асуудлыг хөндөхгүй байгаад харамсч байна. Өнөөдөр бол цэцэрлэгийнхэн хүлээлттэй байгаа. Бидний цалин нэмэгдчихнэ дээ гэж… Тэр цэцэрлэгт ажиллагсдыг маш их дарамталдаг. 107 газраас ажил хаяхаар мэдэгдэл ирчихсэн байхад өнөөдөр 74 цэцэрлэг ажил хаясан байгаа. Нийслэлд байгаа цэцэрлэгийн 50 хүрэхгүй шахам хувь нь болно. Яагаад ингэж байна вэ гэхээр Боловсролын хэлтсийн дарга нар нь цэцэрлэгийн эрхлэгч нарыг дарамталдаг. Захирлуудаа дарамталдаггүй, ийм хүнд суртал манайд дээрээс доошоо болжээ гэдэг нь энэ ажил хаялтаас тодорхой харагдсан.

Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгийн багш С.Оюунчимэг:

-Өнөөдөр зөвхөн багш нарын эрх ашгийн тухай яригдаж байна. Цаана нь тогооч, манаач, жижүүр, угаагчаас эхлээд олон ажилчдын төлөөлөл тасралтгүй хүүхдийн дуунд ажиллаж байгаа.  Цаг наргүй ажилладаг, амралтын өдрүүдэд ч ажиллана, шаардлагатай тохиолдолд. Тэглээ гээд илүү цагийн хөлс олгодоггүй. Ажилчдад бас урамшуулал оногдож байх хэрэгтэй, боловсролын салбарт чанагдаж байгаагийн хувьд.

Ер нь боловсролын хүрээнд багш нарын тухай ярихад ард нь гол хүч тулгуур болж байдаг ажилчид үлддэг учраас энэнд маш их харамсдаг. Энэн дээр төр засгаас бодолцож үзээсэй л гэж хүсэх байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж