Ардчилсан намынхан мөнхийн усны эрэлд гарав уу

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан мөнхийн усны эрэлд гарав уу

Арван сар тээж төрүүлсэн ачит ээждээ мөнхийн рашаан уулгахсан…Нэг иймэрхүү ут­гатай дуу, шүлэг хангалттай олон. Гэвч мөнх наслах хувь тавилантай эх хүн хэрхэн зовж шаналах вэ гэдгийг  тө­сөөлөхөөс ч аймшигтай. Тийм болохоор би хувьдаа иймэрхүү гоё үгээр сэтгэл зүрхээ илэрхийлэхээс тат­галздаг нэ­гэн. Харин сүү­лийн үед “Ард­чилсан  намд болдогсон бол, олдогсон бол тэрхүү мөн­хийн рашаан гэгчийг нь өгчихсөн” гэх санаа өөрөөс минь цухалзах нь бий. Учир нь Монголын ардчилал мөнх байх нь монголчуудад юу, юунаас ч илүү тустай. Мөн тэрхүү ардчиллыг мөнхөд хамгаалах үүргийг Ардчилсан нам цаг, минут, хором, секунд бүрт биелүүлж явах нь улсад ашигтай. Тиймээс л Ардчилсан намыг ардчиллыг хайрлаж, хамгаалж, хөгжүүлж яваа­сай хэмээн хүссэндээ мөн­хийн рашаан өгч, үүрэг хариуцлагыг нь ирээдүйн түүхэн замналтай нь бат нот холбох чин хүслээр иймэрхүү гэнэн мөрөөдөлд хөтлөгдөж байгаа байж болох юм, би. Мэдээж Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд шүү дээ. Харамсалтай нь, жирийн хүнийг иймэрхүү гайхшрал, санаашралд оруулж байна гэдэг бол Ардчилсан нам аль хэдийнэ ардчиллаас татгалзсаны илрэл юм. Үүнийг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн “Ардчилсан нам клиник үхэлд орчихсон байна” гэсэн дүгнэлт ч батална. Үүнээс өмнө нийтлэлч Б.Баабар ч иймэрхүү утгатай үгийг унагаж байсан. Цаг хугацааны хувьд харьцангуй олон жилийн өмнөх яриа. Э.Бат-Үүл гишүүний тухайд ч тэр чанарын ялгаагүй харууслыг илэрхийлэх болсоор удсан. Тэдний эл үг эцсийн дүндээ өнөө цагийн Ардчилсан намын арчигдаж мэдэх ирээдүй цагийг зөгнөж буй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Ардын нам айлаас Ардчилсан нам гэдэг өрөвдөх, хайрлах эцэг эхгүй ганц хүүхэд өргөж авч, түүнийгээ наашаа харж хайрлан, цаашаа харж хялайж байгаатай л адилхан харагдах нь бий. Эл байдалд эгдүүцсэн Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр “Өнчин хүүгийн цэцэлсэн шаштир” маягийн зохиол уншиж, улс төрийн мэдэгдэл хийх болжээ.

Үүнд нь эгдүүцсэн Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа зарлахаас татгалзаж байгаа нь нууц биш. Угтаа бол өнгөрсөн сард болсон Ардын намын Бага хуралтай ойролцоо болох ёстой байсан. Гэвч Н.Алтанхуяг дарга дэмий л “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэсэн уриа лоозонгоор өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулсан шигээ Төрийн ордонд өөртөө зориулан алга ташуулах маягтай өдрийг өнгөрөөж буй. Сүүлдээ бүр Сонгинохайрхан дүүргийнхнийг хуйгаар нь Төрийн ордонд “хашиж” байгаад алга ташуулдаг болсон гэж байгаа. Арга ч үгүй Ардчилсан намын томчууд хүссэнээр нь алга ташиж өгөхгүй болохоор байгаа эрх мэдэлдээ дулдайдаж ийн өөрийгөө баясгахад яахан болохгүй байх билээ.

Ингэж дарга нь зөвхөн өөртөө зориулсан хэр тааруухан шоу менежерийн үүргийг сайн дураараа хариуцуулж байх зуур Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулга Ардчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболдтой хүч хавсарчихсан байх юм. Айхгүй байхын аргагүй айхтар хүчтэй нэгдэл. Монголд анх ардчиллыг өлгийдсөн МоАХ нь ардчиллыг аврах төлөвлөгөөтэй Ардчилсан хүчний холбоотой нэгдсэн гээд бод л доо. Хэдийгээр тэд эв хамтын гэрээнд гарын үсэг зураагүй ч Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр “Ардчилсан намыг Ардын намаас салгах цаг ирлээ” хэмээн бөмбөг тэслэхээр бэлтгэж буй нь нууц биш. Үүнийг Х.Баттулга сайдын хэлсэн “Ямар ч судалгааг аваад үзсэн манай намын дарга эхний арван улстөрчид байхгүй л байгаа юм. Одоо сонгууль болж байхад бид ийм даргатай яваад орох нь зөв юм уу, үгүй юү. Эсвэл дарга маань судалгаанаас нэрээ татаад авчихдаг юм болов уу. Би үүнийг хэлэх, шүүмжлэх эрхтэй, үүрэгтэй хүн. Энэ намаас нэр дэвшээд, ард түмнээс мандат аваад УИХ, Засгийн газарт ажиллаж байгаагийн хувьд хэлэх л ёстой. Ардчилсан хүчний ууган байгууллага МоАХ-г толгойлж байгаагийн хувьд ч би хэлэх битгий хэл шаардах учиртай” гэх үг нотолно. Цаашлаад С.Эрдэнэ гишүүний “Ардчилсан хүчний холбоо цаашид МоАХ-той аливаа ажил, асуудлаа нэг байлгах тал дээр тохиролцсон. Намын шинэчлэлийн төлөө, Монголд ардчиллын үнэт зүйлийг хамгаалахад цаашдаа нэг байр суурьтай байна. Улстөрчдийн хувьд Х.Баттулга, З.Энхболд, би болон бусад гишүүн уулзаж, ардчиллын төлөө нэгдмэл байр суурьтай явах ёстой гэсэн байр суурийг баримтлахаар болсон” гэсэн зарлалын чанартай ярилцлага Ардчилсан нам дотор асуудал хурцдсаныг баталж буй. Уг нь С.Эрдэнэ гишүүн МоАХ-ны даргын албыг өгснийхөө дараахан Х.Баттулга хийгээд түүний багтай хатуухан толхилцоон үүсгэж “Зам салав” хэмээж байсан нь саяхан. Гэхдээ энэ бол өнгөрсөн үе. Өнөө цагт тэд эргэн нэгдэж, Н.Алтанхуягийн төлөөх алга ташилт бүхний эсрэг хүчээ хуримтлуулан тэмцэх нь.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар ч үүнд хувь нэмрээ оруулахыг үгүйсгэх аргагүй. Э.Бат-Үүл гишүүний хувьд 2008-2010 оны хооронд баримталж ирсэн “Хамтарсан Засгийн газрыг хамгаалсан шиг хамгаална” гэдэг байр сууриа 180 градус өөрчилж “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргахдаа л гаргана” гэх болоод жил орчмын нүүрийг үзэж байгаа. Янз нь түүний өмнөх байр суурь өөрт нь өөрөөсөө ичих сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм. Олон хүн өөрийнх нь өмнөөс ичсэнээс үзвэл шүү дээ. Харин Батлан хамгаалахын сайд Л.Болдын хувьд жаахан эргэлзээтэй. Гэхдээ саяхнаас “Оюутолгойн ордын 10 хувийг монголчууддаа эзэмшүүлье” гэсэн уриалга гаргаж, www.news.mn сайтаар хэлэлцүүлэг өрнүүлснээс нь харвал хамтарсан Засгийн газрыг хайрлах сэтгэлд нь сэв суусан байхыг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч Э.Бат-Үүл гишүүний үг түүний эрх ашиг, хүсэл сонирхлоос зөрөх нь юу л бол…Ингээд бодохоор Зүүн хойд Азийнхан ч УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө содон улстөрчийн дүр бүтээх сондгой улс төрд ханцуй шамлан орсон байж мэдэх юм. Улстөрчид ийн суурин дээрээ өөрчлөгдөж буй нь сонгууль гэж ямар их хүчтэй болохыг, эрх мэдэл тэдэнд ямар чухал гэдгийг илтгэж байгаа хэрэг.

Гэхдээ ингэлээ гээд тэднийг буруутган шүүхэд хэцүү. Монголын улс төрийн бодит дүр төрх нь л энэ болохоор тэр. Эцэст нь “Ардчилсан намынханд ардчиллыг амь насаараа ч болов хамгаалах хүч өгөх мөнхийн ус байдаг бол түүнийг нь олоод өгчих юмсан” гэсэн гэнэн мөрөөдөлдөө хэт итгэхээс татгалзахаар шийдэв. Тэдний итгэл үнэмшил тэрхүү мөнхийн усыг олсон ч уухаас айх тийм жижигхэн болохоор тэр. Дээр нь Ардчилсан намын одоогийн нөхцөл байдал зөвхөн УИХ-ын 2012 оны сонгуулийг угтсан улс төр рүү чиглэж байгаа нь туйлын үнэн. Дарга нь ч тэр, гишүүд нь ч тэр адилхан. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг л… Тийм болохоор “Ардчилсан намынхныг ардчиллыг хамгаалах мөнхийн усны эрэлд гарчээ” гэж битгий л итгээрэй. Хүүхдийн тоглоом гэдэг чинь л тэр болно байх шүү.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж