“Сонгуулийн тухай хууль Цэц дээр очоод унаасай” гэж бодож байгаа хүн бий

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн тухай хууль Цэц дээр очоод унаасай” гэж бодож байгаа хүн бий

УИХ-ын гишүүн Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн най­руул­гын төслийг баталлаа. “Олон та­лын санал тусгасан” гэж байгаа ч “УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн тохиролцсоны эцэст батал­сан” гэсэн нь үнэнд илүү ойр сонсогдох байх. Харин тэдний боловсруулж, батал­сан энэ хууль таны санаанд хэр нийцэж байна вэ?

-Бид дөрвөн жилийн турш Сонгуулийн тухай хуулийн талаар  ярилаа. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа стандарт бус Засгийн газар байгуулагдсан. Тэ­гээд  “Сонгуулийн тухай хуу­лийг шинэчлэх хэрэгтэй. До­­лоодугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж авлаа. Улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа үед хамтарсан Засгийн газар байгуулах замаар хөгжлийн асуудлуудыг шийднэ. Долоодугаар сарын 1-ний хэргийн учрыг олно” гэсэн амлалт өгч байсан. Сонгуулийн үеэр Монголын ард түмэн “МАН засгийн эрхийг барина” гэсэн шийдвэр гаргасан. Харин АН засгийн эрх барилцахыг МАН-ынхан шийдсэн. Бид үүнийг дөрвөн жилийн турш хүлээн зөвшөөрөхдөө “Сонгуулийн тухай хуулийг сайн болгох юм байна. Улс төрийн нөхцөл байдал ч өөр болно” гэж харж байсан.

-Тэгтэл санаснаар болсонгүй юу?

-Анх Д.Лүндээжанцан нарын гишүүд 100 хувь пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулна гэсэн санал оруулж ирсэн. Гэтэл удаа ч үгүй Л.Болд сайд холимог тогтолцоогоор явуулах талаар санал оруулаад ирсэн. Тэгээд “Хууль батлагдана. Батлагдахгүй” гэсэн маргаан удаан үргэлжиллээ. Хүмүүс “Хуулийг сайжруулах нь” гэж харж байсан. Би ч гэсэн “Улс төрийн хүсэл зориг нь хүрэх болов уу” гэж бодож байсан юм. Харин өнөөдөр /өчигдөр/ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа эргээд харахад тэдний өмнө нь ярьж байсан зүйлс биелээгүй байна. Нөгөө талаас олон нийтийн шахалт шаардлага, нийгмийн сэтгэл зүйн байдлыг харгалзан шинэ хууль батлахаас өөр аргагүй болоод хуульд заасан хугацаа дуусахаас аравхан хоногийн өмнө баталж байна. Тийм учраас “Чамлахаар чанга атга” гэж хэлэхээс өөр арга үлдсэнгүй. Гэхдээ энэ хууль 2008 онд сонгууль явуулсан хуультай харьцуулах юм бол нэлээн чамбай болсон шүү.

-Юугаараа?

-Яах вэ. Нэгдүгээрт, про­пор­циональ тогтолцоог бага ч бол­тугай орууллаа. Энэ нь арай эрүүл, намуудын дотоод ард­чилалд нөлөөлөхүйц тогтолцоо. Хоёрдугаарт,  мөнгөний сонгууль, луйврын хор нөлөөг арилгахуйц тодорхой заалтуудыг тусгасан. Дээ­рээс нь төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болбол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх талаар тусгасан. Гуравдугаарт, энэ сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулахаар болсон нь өмнөх хуулиасаа арай дээрдсэнийг харуулж байна. Бас сонгуулийн саналыг машинаар тоолохоор боллоо.

-Машинаар тоолох чинь бас эргэлзээтэй юм биш үү?

-Эргэлзээтэй нь ч эргэлзээтэй. Гэхдээ эрх баригч намуудын мөнгөөр хөлсөлсөн хүмүүс санал тоолсноос арай дээр болов уу. Ер нь бол зөв зүг рүү хөдөлсөн. Энэ нь олон нийтийн хүсэл шаардлага байсан. Үнэнийг хэлэхэд МАН, АН-ын лидерүүд улс төрийн зориг гаргаж чадаагүй. Харин хуулиа шинчилъе гэсэн сэтгэлтэй гишүүд байсны хүчинд, тэр хүмүүс нь хүчилж байж Сонгуулийн тухай хуулийг байрнаас нь хөдөлгөлөө.

-“Олонхи гишүүдэд сонгуулийг хуучин хуулиар нь явуулах сонирхол бий” гээд байгаа шүү дээ. Бас “Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана” гэх хүн ч байна?

-“Үндсэн хуулийн Цэц дээр очоод унаасай” гэж бодож байгаа хүмүүс бий. Гэхдээ “Энэ чигээрээ яваасай” гэж бодож байгаа хүмүүс ч бас байгаа. Миний хувьд “Шинэчилсэн Сонгуулийн тухай хууль өмнөх хуулиа бодвол сайжирсан. Харин хуулийг баталсны дараа хэрхэн хэрэгжүүлэх бол” гэдэгт  санаа зовж байна.

-Яагаад?

-Асуудал сайхан хууль ба­тал­сандаа биш. Түүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт байгаа юм. Монголын нөхцөлд бол төвөгтэй. УИХ-ын 2008 оны сонгуулийг явуулсан хуульд ч мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдаж авах зэрэг нь хориотой байсан. Тэр ч байтугай телевизээр мөнгө тарааж байгааг нь харуулсан бичлэг нь гарсан хүмүүст ямар ч хариуцлага хүлээлгээгүй л байна шүү дээ. Тийм учраас “Хууль хэрэгжих үү”, хамгийн гол нь “Монголын төрийн алба улс төрийн намуудын захиалгаар ажиллах уу, үгүй юү” гэдэг  хоёр асуудал л байна. Монголын төрийн алба МАН-ын хяналтад байгаа. Байсаар ч ирсэн. Гэхдээ “Монголын төрийн алба аажим, аажмаар улс төрийн намын хяналтаас гарна. Зөв байр сууриндаа эргэж очно” гээд энэ хуулийг хийсэн байхгүй юу. Тэгээд ч зөрчсөн хүмүүст авах арга хэмжээний талаар маш хатуу заалтыг Эрүүгийн хуульд оруулж өгсөн.

-Тэгвэл “Ирэх онд будилаан, булхайгүй сонгууль болох нь” гэж ойлгож болох уу?

-Би тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл, энэ Сонгуулийн тухай хуульд тааруулаад будилаан үүсгэх нөхдүүд зөндөө бий. Сонгуулийн тухай хуулийг тойрч гарах маш олон заалт байгаа.

-Жишээлбэл?

-Энэ хоёр нам чинь “Өмнөх сонгуулийн амлалт” гээд сая төгрөг, хувьцаа тарааж эхэлнэ. Төрийн албан хаагчдийн цалинг 53 хувиар нэмнэ. Ер нь бол 2012 оны амлалт биш 2008 амлалтаа биелүүлж байгаа гэсэн нэрийн дор нэлээн юм болох байх шүү.

-Тэгээд л ИЗ-НН багш нарын ажил хаялтыг дэмжихээ мэдэгдсэн юм уу?

-Яг тийм биш. Бид арай өөр байр сууринаас хандаж байгаа. Багш, эмч гээд  нийгмийн ажилтнуудад гурван сонголт л байна. Тодруулбал, “Насан туршдаа ядуу амьдрах. Хийж байгаа ажлаа хаяад хувиараа ямар нэг зүйл хийх. Авлига авах” гэдэг гурван сонголт л байна. Өөр ямар сонголт байгаа юм. Тэр хүмүүст цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаяхаас өөр арга байхгүй. Энэ бол төрд өгч байгаа дохио. “Болохоо байлаа. Хэцүү байна” гэж байна.

-Тэднийг “Төсөв баталсны дараа цалин нэмэх талаар ярилаа. Цалин нэмбэл инфляци хөөрөгдөнө” гээд л шүүмжлээд байна шүү дээ?

-Тэд өмнө нь энэ талаар зөндөө ярьсан. Цалин нэмснээр инфляци хөөрөгдөнө гэдэг худлаа.  Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүн бүрт 21 мянган төгрөг өгсөн ч эдийн засаг хөгжөөгүй. Ажлын байр нэмэгдээгүй. Уул уурхайн талаар баахан ярьсан. Өнөөдөр ярьж байгаа том, том тоо нь таван том уурхайтай л холбоотой. Харин Монголын 50 мянган аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн бүтээмж, ашиг орлого нэмэгдээгүй. “Оюутолгой бол дэлхийн хэмжээний том уурхай” гээд л байх юм. Гэтэл тэнд 2000 монгол хүн л ажиллаж байгаа шүү дээ. Үүнээс “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олсон мөнгө бол олон зуун жилийн турш бидний эцэг, өвгөдийн цусаараа хамгаалж ирсэн газар нутгийг зарж олсон мөнгө. Бидний шинээр хийсэн зүйл алга” гэсэн дүгнэлт хийж болно. Засгийн газрын олсон мөнгө ч биш. Харин одоо багш нар “Бид нүүрс зараад амьдрах юм уу” л гэж байна. Хүн ирээдүйдээ итгэх хэрэгтэй биз. Монголд байгалийн баялаг зарсныг эс тооцвол эдийн засгийн бодит өсөлт огт явагдаагүй байхгүй юу. Бас ДНБ өсч байгаа гэдэг нь бодит тооцоо биш. Яагаад гэвэл, ноён Фрийдландын олж байгаа мөнгө, бидний олж байгаа мөнгө хоёрыг дундажлахаар орлого олж байгаа юм шиг харагдаад байгаа юм.

– Төрийн албан хаагчдын цалинг ирэх оны нэгдүгээр сараас нэмэх боломж бий гэж үзэж байгаа юм уу?

-Асуудал багш нарын цалинг нэмэхдээ биш. Монголын нийт ард иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. Хамгийн түрүүнд багш нар тэмцэж эхэлсэн нь энэ.

-Ажил хаялтыг удирдаж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөн­хийлөгч С.Ганбаатар танай намд элсэх хэвээрээ юү?

-Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй байх.
 
-“Элсэх байх” гээд байсан биш билүү?

-Яг “Элсэнэ, элсэхгүй” гэж хэлээгүй.

-Намд нь элсэх гэж байгаа хүнийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бодлоо л доо?

-Миний байр суурь бол “Энэ их баялгийг цөөн хүн авч, гол ус бохирдож, агаар бохирдож байгаа үед дуугүй байх ёсгүй” гэдэг юм. Дуугүй байгаад байвал харин гайхах байсан. Түүнээс бус С.Ганбаатар гэдэг хувь хүнтэй яриагүй. Зарчмын байр суурь ярьж байгаа. Нүүрс зараад олж байгаа мөнгөөр Монгол Улс хөгжинө гэдэг худлаа. Харин өрхийн орлого хэр нэмэгдсэнээр л хэмжигдэнэ. Бид үүнийг л ярьж байна. Тэгээд ажил хаялтыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн.

-Тийм байж. Үүнээс гадна өөр нэг зүйл дээр хардлага төрөх боллоо. ИЗ-НН-ынхан өчигдөр /уржигдар/ мэдээлэл хийх үеэрээ “МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийг намын даргад нэр дэвшүүлж магадгүй” гэж байсан. Арай намын даргын суудал амлаж элсүүлсэн юм биш биз?

-Үгүй. С.Дэмбэрэлд ямар нэг зүйл амлаагүй.

-“Үндэсний соёмбо” хөдөл­гөөний тэргүүн Б.Лхагважав МАН-д элссэнийхээ дараа “ИЗ-НН-ынхан надад албан тушаал амлаж байсан” гэж хэлснийг бодоод ингэж бодсон хэрэг л дээ?

-Б.Лхагважав яагаад тэгж ярьсаныг мэдэхгүй. Бид ирэх оны нэгдүгээр сард Их хурлаа хийгээд ИЗ-НН болж өөрчлөгдөх асуудлаа ярина. Энэ үеэд дурын сонгууль ажил явагдаж болно. Хэн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно шүү дээ. Чөлөөтэй. Тэр бол улс төрийн намын онцлог.

-Сүүлийн үед “Долоодугаар сарын 1”-ний хэрэгтэй хол­боотойгоор уучлалт гуйх талаар ярих боллоо. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

– МАН, АН хоёр дөрвөн жил засаг бариад гурван зүйл амалсан. Түүнийхээ аль, алийг нь хангалтгүй биелүүлсэн. Нэгдүгээрт, уул уурхайтай холбоотой амлалтаа биелүүлээгүй. Хоёрдугаарт, “Сон­гуулийн тогтогцоог өөрчилж, эрс сайжруулна” гэж амлаж бай­сан мөртлөө арайхийж ийм  бай­далд хүргэлээ. Гуравдугаарт, “Долоодугаар сарын 1-ний хэргийг илрүүлж, буруутныг олно. Улс төрийн хариуцлага тооцно” гэ­сэн. Үүнийг бол огт хийгээгүй. Х.Тэмүүжин гишүүний хэвлэлийн бага хурал хийж байгаа зэргээс харахад хэргийг илрүүлэх нь битгий хэл улам нуун дарагдуулж байгаа байдал ажиглагдаж байна.

-Х.Тэмүүжин гишүүн нотлоод байгаа юм биш үү?

-Яах вэ, Х.Тэмүүжин гишүүн зарим нотлох материалуудын талаар ярьж байгаа. Харин Монгол Улсын хууль, хяналтын байгууллагынхан түүнийг нь нотлох ёстой байхгүй юу. Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга “Долоодугаар сарын 1”-ний хэрэгтэй холбоотой материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэж байхад шалгахгүй байгаа нь маш том зүйлийг нууж байгааг харуулж байна шүү дээ. Тийм учраас энэ гурван амлалтаа туйлын хангалтгүй биелүүлжээ.

-Уучлалт гуйх талаар ямар бодолтой байгаа юм бэ?

-Уучлалт гуйх нь бүү хэл хариуцлага хүлээх ёстой. Таван хүн буудчихаад уучлалт гуйгаад өнгөрнө гэдэг зохисгүй л дээ. Хэргийг нуун дарагдуулсан хүмүүсийг илрүүлэх хэрэгтэй. УИХ-ын 2008 оны сонгуулийг будилаантуулсан МАН, АН-ынхын аль, аль нь уучлалт гуйх ёстой. Бас онцгой нөхцөл байдалд иргэдээ хамгаалж чадаагүй хүчний байгууллага, төр уучлалт гуйх ёстой. Одоо засгийн эрх барьж байгаа хоёр нам нь энэ асуудал дээр бол “Би, би” гээд байх нь ямар ч утгагүй. Сонгуулийг хоёр гол нам хоёулаа будилаантуулсан.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж